Монголын хошин урлагийн отгон театр “Мөрөөдлийн театр”-ын 3 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Хамтдаа инээсэн 3 жилийн ойгоороо үзэгчдэдээ "Шилдгийг шилдэг" үзүүлбэрээсээ бүрдсэн шоу тоглолтыг өдөр бүр 19:00 цагаас тусгаар тогтнолын ордонд толиулуулж байна.

Тус театрын авьяаслаг жүжигчид 3 жилийн хугацаанд "Хайртай бол эргэж хараарай", "Гээсэн хайраа аваарай", "Тэр чинь би", "Амьдрал өөрөө бэлэг" зэрэг шоу тоглолтоо үзэгчдийн хүртээл болгосон.

Шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн тоглолтын нэгээхэн хэсгээс задлахад, нэгэн залуу эхнэрийнхээ эзгүйд бусад эмэгтэйчүүдэд чөлөөт цагаа харамгүй зарцуулдаг хэрнээ ямар нэгэн тулгамдсан асуудал гарвал зөвхөн хар амиа хичээгээд өнгөрөхийг хүсдэг залуугийн тухай өгүүлнэ. Тэрбээр ээг өдөр гэртээ нууц амрагтайгаа байж байхад нь эхнэр нь томилолтоор явахаа больж гэртээ ирэхэд сандарсандаа нууц амрагаа өвлийн хүйтэнд нүцгэн шахуу тагтан дээрээ гаргана. Үнэгүй юманд “нугасгүй” эхнэр нь онгоцны үнэгүй үйлчилгээг хэтрүүлэн хэрэглэж нэлээд халамцсан болохоор нөхрийнхөө сандралыг анзаарахгүй. Харин түүнийг эхнэртэйгээ байх үед нууц амраг нь шалдан цонхны тагтан дээр тагжран чичирч зогсоно. Тагтнаас доошоо бууя гэсэн ч найман давхар байрны тагтан дээр зогсч байгаа болохоор яах учраа олохгүй байж ядна. Энэ зуур хөрш айлынх нь тагтан дээр амиа хорлох гэж буй залуу харагдана. Энэ бол Г.Эрхэмбаяр. Түүнийг олж харсан өнөөх эмэгтэй авраарай гэж орилоход гэр лүүгээ оруулна.

Г.Эрхэмбаяр ямагт өөрийгөө буруутгаж өрөөлд зөвийг өгдөг залуу. Хоёр удаа амьдрал зохиоход Түүнийг эхнэрүүд нь баг “Миний хайр халамж дутсан болоод л тэд маань миний араар тавьсан байх. Би хөндий хандаагүй бол миний эхнэрүүд яахан буруу алхам хийх билээ” хэмээн нөгөө бүсгүйтэй ярилцана. 

Үүний төгсгөлийг уншигч та бүхэн тус тоглолтыг үзэж сонирхон мэдсэн нь илүү дээр байх. Нууц амрагтай хүмүүсийн зовлон жаргалыг шоу хэлбэрээр үзүүлсэн нь тун сонирхолтой болжээ. Жүжгийн өрнөл хэсэгт эхнэр, нөхөр хоёулаа нууц амрагтай байсан гэдэг нь мэдэгдэнэ.

 

Д.Ана