Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Булган аймгийн Булган суманд байрлах хорих 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдлууд гэмтэж, нэг нь нас барсан хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Гэвч энэ талаар албаны эх сурвалжууд нууцалж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг 2019 оны 01 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд хийв. Энэ үеэр 2019 оныг "Сахилга хариуцлага, ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх жил" болгон зарлав. Гэвч ингэж зарласных нь маргааш нь хариуцлага алдсан хэрэг гарлаа. 

Энэ сарын 26-ны өдрийн 11:00 цагийн орчим хорих 439-р ангийн орчим осол болжээ. Ослын улмаас нэг хүн нас барж, гурван хүн гэмтжээ. Нас барсан болон гэмтсэн хүмүүс нь ШШГЕГ-ын харъяа 439-р хаалттай хорих ангийн хоригдлууд байжээ. Тэднээр мод бэлтгэх ажил хийлгүүлэхээр Портер маркийн машинаар тээвэрлэж явсан байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, осол болсон нь үнэн. Нэг хүн нас барсан. Хоёр хүн гэмтсэн.  Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг хэлэв.

ШШГЕГ-ын хэвлэлийн ажилтнаас энэ талаар тодруулах гэхэд утсаа салгаад байв. Улмаар мэдэхгүй гэдгийг бидэнд хэллээ.  Тиймээс бид ШШГЕГ-ны харъяа хорих 439-р хаалттай ангийн албаны хүнтэй утсаар холбогдлоо. Гэвч тухайн алба хаагч энэ талаар мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан. Улмаар биднийг дахин залгах бүрт утсаа тасалсаар байв.

Хамгийн гол нь энэ хэргийн талаар нууцлах даалгавар “дээрээс” ирсэн байна. Тиймээс албаны эх сурвалжууд энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан ч  нууцаар мэдээлэл өгсөөр байна.

Хорих ангиуд нь шинэ эрүүгийн хууль батлагдсантай холбоотойгоор нээлттэй, хаалттай гэсэн хоёр төрөл болсон. Өөрөөр хэлбэл өмнөх шиг, чанга дэглэмтэй, гяндан гэж ангилагдахаа больсон юм. Осолд өртсөн хоригдлууд хаалттай хорих ангид ял эдэлж байсан юм. Хаалттай хорих ангид онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эсхүл өмнө нь хорих ял эдэлж байсан буюу онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эрэгтэй ялтан ял эдэлдэг байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, хорих ангийн удирдлагууд хотод  сургалтад сууж байх хооронд, хурган даргын толгой мэдсэн шийдвэрээс болж энэхүү осол гарсан гэх мэдээлэл байна.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.