Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчилан таниулж яваа 9 хамтлагийн нэгдсэн “Монгол Мөхөшгүй” хэмээх тоглолт өнөөдөр, маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 21,22,23 өдрүүдэд 19:00 цагт МҮЭСТО-нд тоглогдох гэж байгаа билээ.

   Тэгвэл 250 гаруй уран бүтээлчдийн хамтран толилуулж буй тус тоглолтын бэлтгэл ажил бүрэн  хангагджээ. Өнөөдрөөс эхлэн ардын урлагаа орчин үеийн хөгжмийн хэмнэлтэй хослуулан уран бүтээлээ туурвиж дэлхийд монголынхоо нэрийг тамгалж чадсан 9 хамтлаг тоглолтоо үзэгчдэдээ толиулуулах юм.

   Энэхүү  тоглолт нь 3 дахь жилдээ тайзнаа тавигдаж байгаа бөгөөд анх тэднийг нэгтгэн бүрэн хэмжээний нэгдсэн тоглолт хийх санааг ерөнхий найруулагчаар ажиллаж буй Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам санаачлан эхлүүлсэн юм. Тоглолтын найруулгыг хийхдээ уран сайхны удирдагчаар СТА Д.Ариунболдыг, ерөнхий бүжиг дэглээч, туслах найруулагчаар СТА Д.Энхгэрэл нарыг 3 дахь жилдээ урьж ажиллуулж байгаа аж. Энэ жилээс ҮДБЭЧ-ын ерөнхий бүжиг дэглээч СТА Д.Баярбаатарыг нэмж найруулгын багтаа ажиллахыг урьжээ.  Дууны найруулагчаараа япон улсын иргэн Ишивата Юүскэг урилгаар авчирчээ.

   Дашрамд дуулгахад “Монгол Мөхөшгүй” тоглолтын тасалбарын үнэ суудал харгалзахгүй 50,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд тасалбар 90 хувьтай борлуулагдсан байна. Та бүхэн үлдсэн цөөхөн тасалбараас амжиж авахыг хүсвэл www.easyticket.mn онлайн худалдаагаар захиалаарай мөн МҮЭСТО-ны кассаар болон 1199,1617 утасны лавлахаар захиалан үнэгүй хүргүүлээрэй. Мөн тоглолт яг цагтаа эхлэх тул үзэгч та бүхнийг хоцрохгүй ирэхийг сануулсан юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 89065652, 99005652 утаснаас аваарай.

Нүүдэлчдийн соёл урлаг агуу байжээ гэлцэнэ, чухамхүү юугаараа агуу байсныг энэхүү тоглолт та бүхэнд харуулах болно.

www.URLAG.mn