Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хүүхдийг морь унуулахгүй байхыг аймаг, сумын засаг дарга нар анхаарч ажиллахыг тус комиссын дарга Ж.Бямбадорж мэдэгдэв.

Тэрбээр, “Сүүлийн 4,5 жил хүйтний улиралд бага насны хүүхдээр хурдан морь унуулахгүй байх асуудлаар олон газар хандаж, зөвлөмж шаардлага хүргүүлсэн ч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 11-нд Сүхбаатар сумын Халзан суманд морь хөлсөлж байсан 10 настай хүүхэд мориноосоо унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас хүйтний улирал буюу 11 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл хүүхдээр хурдан морь унуулахгүй байх шийдвэр гарсан.

 

Гэтэл овооны наадам, найр зэргийг далд хэлбэрээр зохион байгуулах явдал гарч болзошгүй тул аймаг, сумын засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн” гэлээ.

Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-Малайзад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн шүүх хурлын талаар мэдээлэл өгнө үү?

 

-ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг нэхэмжлэгчээр тус шүүх хуралдаанд оролцоод ирсэн. Шүүх хурал нэг сар орчим үргэлжилж, удаан хугацаанд тус улсад байх боломжгүй тул манай төлөөлөл эхний хуралд оролцоод ирсэн. Малайз нь олон улсын гэрээ конвенцид нэгдээгүй нь хэргийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа. Гэхдээ тус улсын шинээр сонгогдсон ерөнхий сайд нь хэрэгт нэр холбогдоод буй хуучин ерөнхий сайдыг олон хэрэгт буруутгаж байгаа нь манай талд нааштай шийдэгдэх болов уу гэсэн итгэл төрүүлж байна.

 

-Сүүлийн үед цэргийн ангид дүрмийн бус харилцаанаас олон асуудал гарч байна. Танай комисс энэ талаар ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

 

-Манай байгууллага жил бүр орон нутаг ажиллаж, цэргийн ангид шалгалт хийдэг. ХЭҮК байгуулагдсан цагаасаа хойш цэргийн ангиудад байнга хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд шаардлага зөвлөмж хүргүүлж ирсэн. Цэргийн ангийн дүрмийн бус харилцаа нэлээд хувиар багассан.

 

- Дорноговь аймагт нас барсан цэргийн асуудалд юу хэлэх вэ?

 

-Манай байгууллага хэрэг гарахаас урьдчилан сэргийлж ажилладаг. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул эл хэрэгт хөндлөнгөөс оролцох боломжгүй. Гэхдээ нас барсан цэргийн хэрэг шалгагдаж байхад цагдаагийн байгууллагаас гадны нөлөөгүй гэсэн мэдээллийн цацсан. Үүнийг хүний эрхэнд халдсан маш том зөрчил гэж үзэж байгаа. Манай байгууллагын зүгээс шүүхийн шинжилгээ, бусад шалгалтын ажиллагаа шударга явж байгаа эсэхэд анхаарч ажиллана.

 

С.Мөнхбаатар

Эх сурвалж: Монцамэ агентлаг