Тал нутгийн хатуу ширүүнийг мянга мянган жилээр сөрж амьдрахдаа монголчууд амьдралын мөн чанар, амьд явахын утга учрыг тайлж, сануулсан тунчиг олон зан сургамжийг үлдээжээ. Үр хойч нь ч түүгээр зүг чигээ хийж, улам төгөлдөржүүлэн баяжуулж энэ цагт ирсэн гэхэд болно.

Энэ бол хэдэн зуун мянган жил үе дамжин уламжилж ирсэн шалгарсан туршлага, тал нутгийн монголчуудын амьдралын философи юм. Түүний нэг болох өрөвдөх сэтгэлийн тухай бичье гэж бодлоо. Учир нь энэ цаг үеийн улс төрийн тэмцэл улам л хатуу ширүүн, өршөөлгүй үргэлжилж байна. Нэг хүний албан тушаалын төлөө бүхэл бүтэн засаглалын хэлбэр ард түмнээ дэнчинд тавьж хэрэлдэж байна. Мэдээж, энэ бол УИХ-ын даргын суудлын төлөөх тэмцэл юм. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд албан тушаалын төлөөх тэмцэл ямар хайр найргүй, хатуу ширүүн өрнөснийг харж болно. Хамгийн гутамшигтай нь, албан тушаалын төлөөх тэмцлээ ямар гоёор нэрлэж, ард олонд итгүүлж чаддагийг нүдээрээ үзлээ. Ард түмнийхээ төлөө тэмцэж байгаа л гэнэ, авлига хээл хахууль, утааны эсрэг тэмцэл л гэнэ. Хөөрхий ард түмэн, түүнд нь үнэмшчихээд хөөр баяр болоод, дэмжээд давхиж явна. Юу гэж бидний төлөө тэд ингэж цаг заваа баран, баран тэмцэх вэ дээ. Тэдний илт мөнгөжүү жагсаал цуглаан, хоол цайндаа цатгалдсан суугчдаас нь жаахан хол алхаад үз дээ. Тавин мянган төгрөгийн төлөө дал, наян настнууд үүрийн харанхуйгаас үдшийн бүрий хүртэл оочерлож, эцэст нь ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдэж байна. Хар утаа, хогонд дарагдсан хотод нь ханиад хатгаа цар тахлын хэмжээнд хүрч эмнэлгийн хонгилд өлгийтэй үрсээ тэврээд эхчүүд хэвтэж байна. Өлссөн хөгшид лангууны дэргэдүүр өнгөрөхдөө боовны гялгар уутыг цоолж, хоёр гурван ширхэг боорцог хулгайлаад зугтаж байгаа тухай худалдагч нар өөр хоорондоо гунигтай ярьж сууна. Ажилгүй хүүхдүүд нь хөгшдийнхөө тэтгэврийг зээлж аваад, арилж өгөө биз. Монголчуудын ийм л дүр зураг бараг 30 жил давтагдаж байна. Яагаад энэ бүхнийг засч залруулахгүй монголчуудаа ажилгүй, өлсгөлөн ядуу хэвээр нь байлгаад байгаа хэрнээ “ард түмний төлөө” гэж амаа цангатал цуурна вэ.

Суртал ухуулга ямар хүчтэй вэ гэдгийг бид дээрх үйл явдлаас харж болох нь. Хэдэн гишүүд өглөө үдэшгүй “Ард түмнээ сайхан амьдруулна аа, Энхболд огцор” гээд байхаар нээрэн ч хамаг муу муухайгийн үүр үндэс энэ хүн юм байна гээд нийтээрээ ханарч байна. Захын хүнээс асуугаад үзээрэй, УИХ-ын даргыг зүхэж байгаа. Энд тэр Энхболдыг нь өмөөрч, магтах гэсэнгүй. Асуудлыг төдийгөөс өдий хүртэл нь хурцатгасан түүнийг сандал ширээнээсээ буугаад өгөөсэй гэж боддог хүмүүсийн нэг нь, би. Тэглээ гээд хууль ёсны дагуу л тэр албан тушаалаа өгч авалцаасай билээ.

Өнөөгийн жагсаал, тэмцлийн гол удирдагч нарын нэг нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр олон удаа нэг үгийг давтаж хэлээд байгаад нь учир мэдэх хүмүүс эгдүүцэж эхэлжээ. Тэр үг нь “За одоо өрөвдөж болохгүй шүү. Монголчууд их өрөвчхөн. Та нарын өрөвчөөр чинь далимдуулаад өрөвдүүлээд л дуусна шүү, энэ асуудал” гэж олон удаа ард түмэнд сануулж байгаа. Байнга давтаж хэлдэг.

Гэтэл өрөвдөх гэдэг бол тал нутгийн монголчуудын гол философи нь. “Монгол хэлний их тайлбар толь”-д өрөвдөх гэдэг үгийг дараахь байдлаар тайлбарлажээ. Өрөвдөх байдал-энэрч хайрлах байдал, өрөвдөх санаа-энэрэн хайрлах санаа, өрөвдөх хайрлах-уян зөөлөн сэтгэл гарган хамгаалах, өршөөх өрөвдөх -уучлан хэлтрүүлж туслан тэтгэх. Үгийн утгыг харахад ч монголчууд бусдыг энэрч хайрлан, уучилж өршөөж амьдар гэж сургаж иржээ. Хууль болон цаасан дээр буугаагүй ч монгол хүн бүрийн цусанд нь ийм үзэл хандлага шингээстэй байдаг. Монголчууд бүхий л түүхэндээ байгаль дэлхийдээ ойр амьдарч, байгаль дэлхий хатуу ширүүн, өршөөлгүй гэдгийг мэдэрч ирсэн хүмүүс. Тиймдээ ч өрөвч зөөлөн сэтгэл хүнд ямар их хэрэгтэй вэ гэдгийг мэддэг ард түмэн. Өрөвч зөөлөн, уужуу талбиун сэтгэлтэй, алив юмыг өнгөрөөж чаддаг чанар бол монгол эр хүний гол код нь. Ийм хандлага, энэ кодгүй бол монгол хүн гэхэд эргэлзээтэй. Монголчуудын цусанд нь байдаг энэ үндсэн мөн чанарыг үгүйсгэн, таягдан хаяхыг уриалж байгаа Л.Оюун-Эрдэнэ харин ямар харийн сэтгэлтэй залуу вэ. Танай намын их хурлын нэг хэсэг хүмүүсийг ажилтай байлгахын тулд биднийг “монголоо алдахыг” уриалж байдаг Та яг хэн бэ. Монгол хүн мөн үү. Үгүй ээ, хүү минь, бид өрөвдөж, өршөөж уучлахаа хэнээр ч заалгахгүй. “Монголоо алдахыг” уриалж байдаг Таны үгэнд ормоогүй байна. Өвгөдийн үлдээсэн тал нутгийн философио дагаж, монголоороо үлдмээр байна.

“Улаан мөнгө олддог, улайх нүүр олддоггүй” гэсэн үг бий. Өнөө маргаашийн ашиг хонжоо харж, хүнээ алдаж болохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өрөвдөж бай, өршөөн уучилж бай гэсэн утгатай. Таны “өрөвдөж болохгүй шүү” гэдгийн эсрэг утгатай үг юм. Яаж ч бодсон “монголоо алдахыг” ятгаж, нийтэд уриалж байна гэдэг нь Монголын улс төрийн зүтгэлтэнд байж боломгүй согог юм.

М.Энхболд яахав ээ, өнөө маргаашгүй ажлаа өгөх нь тодорхой боллоо. Харин энэ тэмцэгчид маань ард түмнийхээ төлөө, дараа дараагийн дарга нараас шударга ёс, тэгш байдал, сайн хууль нэхээрэй. Ард түмний халааснаас хулгай хийсэн ЖДҮ-чдэдээ хариуцлага тооцоорой. Тэгэхгүй бол амин хувийн эрх ашгийнхаа төлөө ард түмний нэр барьдаг булай чинь илэрнэ шүү.

Монгол Улс гурван сая гаруй хүнтэй. Дэлхийн долоон тэрбум гаруй хүний дэргэд энэ бол өчүүхэн тоо. Бид ийм цөөхүүлээ атал хонзогнон дайсагнаж, хүнээ байж, “монголоо алдаж” болохгүй. Хүчтэй байхын тулд эвтэй байх ёстой. Эвтэй байхын үндэс нь уучилж өршөөх, хамтдаа цаашаа алхах юм шүү.