УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатар гишүүнийг томилохыг 100 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын даргад олонхын бүлгээс нэр дэвшүүлдэг. Тиймээс МАН-ын бүлгээс УИХ-ын даргад Г.Занданшатар гишүүнийг нэр дэвшүүлэв. Байнгын хорооны хуралдааны үеэр Ж.Мөнхбат гишүүн, “Нэр дэвшигч нь улс төрд олон жил ажилласан хүн. Г.Зандашатар гишүүн УИХ-ын даргаар сонгогдсон тохиолдолд гишүүдийнхээ эв нэгдлийг хангахад анхаарч ажиллах хэрэгтэй. Үүний дараагаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлэх нь зөв” гэлээ.

Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтов.

УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэн сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн нэр бүхий 39 гишүүн тогтоолын төсөл өргөн барьсныг УИХ өнгөрсөн сарын 29-нд баталсан. Тиймээс өчигдөр буюу МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргад Г.Занданшатар гишүүнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг 100 хувийн саналаар дэмжсэн билээ.

Нэр дэвшигч Г.Занданшатар нь 1987 онд 10 жилийн 77 дугаар дунд сургуулийг төгссөн байна. Мөн1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч мэргэжлээр, 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийг төгсжээ. Тэрбээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш, 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банкинд Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал, 1998-2000 онд Монгол Банкны Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байв. 2000-2003 онд ХААН банкны Дэд захирал, 2003-2004 онд ХХАА-н дэд сайд, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнгийн судлаач, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй юм.