өвлийн улиралд машинаа хэрхэн бэлтгэх тухай цуврал зөвлөгөөг хүргэж байгаа. Өмнөх дугаартаа өвлийн дугуйг хэрхэн сонгохоос эхлээд шил арчигч шингэнээ байнга солихыг анхааруулсан. Тэгвэл энэ удаад хүйтний улиралд хөргөлтийн шингэний ач  тус болоод машин хучлаганы тухай дараагийн зөвлөгөөг хүргэе.

Дурын шингэн хийхийг хориглоно

Зарим жолооч хөргөлтийн шингэний тухай мэдлэг багатай учир тоохгүй өнгөрөх нь элбэг. Тэгвэл хүйтний улиралд таны зайлшгүй анхаарах ёстой зүйлийн нэг нь тус шингэн юм. Учир нь хөргөлтийн шингэн нь таны машиныг хэт халсан үед хөргөх, хэтэрхий хүйтэнд хөлдөхөөс хамгаалах үүрэгтэй. Тус шингэн нь улаан болон ногоон өнгөтэй. Хооронд нь холихыг хориглодог аж. Мөн зөвхөн хөлдөх хэмийг нь харж дурын шингэн хийвэл машины тань эд анги эвдрэх аюултай. Тиймээс төмөр хүлгийнхээ мотор, марк, хүчин чадалд тохирсон шингэнийг баталгаат газраас аваарай гэж зөвлөе.

Тод өнгийн хучлага сонгоорой

Тэсгим хүйтэнд таны машиныг ямар ч асуудалгүй асахад дулаан граж хэрэгтэй. Хэрэв гражид хийх боломжгүй бол дулаан хучлага хэрэглээрэй. Хучлага сонгохдоо хамгийн эхэнд материалыг нь хар. Салхи нэвтрүүлдэггүй, цэвэр даавуун, зузаан байх тусам чанартай, эдэлгээ урттай гэсэн үг. Мөн хоёр талаараа хучдаг, тод өнгөтэйг сонговол зүгээр. Учир нь харагдах орчин хязгаарлагдмал шөнийн цагт хар өнгийн хучлагтай машин харагддаггүй ажээ. Үүнээс гадна хүйтний улиралд та машиныхаа банкийг болж өгвөл дундуур шатахуунтай байлгаж заншаарай. Ингэснээр таны машинд чийг хуримтлагдах асуудал гарахгүй.