Дэлхийн хамгийн алдартай онлайн сургалтын сайт болох “Coursera”-аас санал болгож буй хамгийн эрэлттэй 10 сургалтын тухай мэдээллийг хүргэж байна. 

  1. Машин сургалт: Өнөө үед хамгийн их яригдах болсон хиймэл оюун ухаан хэмээх өргөн ойлголт нь дотроо Машин сургалт (Machine Learning), Гүн сургалт (Deep Learning) гэх мэт олон агуулгыг багтаадаг. Машин сургалт гэдэг нь компьютер урьдчилан тодорхойлсон томьёо, загваргүйгээр зөвхөн тооцоолох аргад тулгуурлан өгөгдлөөс суралцахыг хэлдэг. Суралцах өгөгдөл нэмэгдэхийн хэрээр алгоритмын ажиллагаа улам сайжирдаг гэсэн үг. Машин сургалтын ачаар жолоочгүй машин, яриа таних технологи, Apple Siri хувийн туслах гэх мэт програмууд хөгжиж байна. Хэрэв та Машин сургалтын талаар цэгцтэй, анхан шатны ойлголттой болохыг хүсэж байна энэ сургалтад хамрагдаарай. 

  2. Суралцахуйд суралцахуй: Өнөө үед ихийг суралцсан байх бус суралцаж чаддаг байх чадвар чухалд тооцогдож байна. Аливаа зүйлийг богино хугацаанд, үр дүнтэй сурдаг болохыг хүссэн бүхэнд хэрэгцээтэй сургалт юм. 

  3. Амьдрахуйн сургалт: Ухаантай байлаа ч аз жаргалгүй бол амьдрал утгагүй шүү дээ. Ейлийн Их Сургуулийн эрдэмтэд аз жаргалын шинжлэх ухаанаас тантай хуваалцаж байна. Энэ сургалтад хамрагдсанаар аз жаргалын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл аваад зогсохгүй тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэх арга ухаанаас суралцах болно.  

  4. Биткойн болон крипто мөнгөн тэмдэгтийн технологи: Биткойн яагаад онцгой вэ гэдгийг мэдэхийн тулд энэ технологи хэрхэн ажилладгийг ойлгох нь чухал. Уг сургалтад хамрагдсанаар биткойн хэрхэн ажилладаг, юугаараа ялгаатай, аюулгүй байдал, биткойны үнийг хэрхэн тодорхойлдог гэх мэт олон сонирхолтой асуултын хариултыг олж авах болно. 

  5. Алгоримт (Нэгдүгээр хэсэг): Програмистуудын зайлшгүй мэдвэл зохих алгоритмууд, өгөгдлийн бүтэц, Java програмын хэрэглээний онцлог гэх мэт ойлголтуудыг олж авах боломжтой. 

  6. Мэргэжлийн англи хэл: Пенсильванийн Их Сургууль мэргэжлээрээ олон улсын тавцанд гарч ажиллах сонирхолтой хүмүүст зориулж, ахисан түвшний англи хэлний хичээл боловсруулжээ. Уг нь сургалт нь танд хэлний чадвараа дээшлүүлээд зогсохгүй АНУ-ын хөдөлмөрийн зах зээл, ажилд орох процесс, CV бэлдэх, эссэ бичих, ярилцлагад орох, танилын хүрээгээ өргөжүүлэх талаар үнэ цэнэтэй мэдээлэл олгох болно. 

  7. Санхүүгийн зах зээл: Банк санхүү, даатгалын салбар хэрхэн ажилладаг тухай мэдэхээс гадна эрсдэлийн менежмент, урьдчилсан таамаглал хэрхэн хийдэг, үнэ, өр, инфляци, бонд, хувьцаа гэх мэт санхүүгийн зах зээлийн үндсэн ойлголтуудын талаар мэдлэгтэй болно. 

  8. Сэтгэл судлалын үндэс: Торонтогийн Их Сургуулиас гаргасан энэхүү сургалт хүний сэтгэл хөдлөл, зан араншин, тархины үйл ажиллагаа, танин мэдэх үйл явц, ой санамж, анхаарал, ухамсар зэрэг ойлголтуудыг тайлбарлах болно. Мөн сэтгэл судлалын салбарт хийгдсэн хамгийн сонирхолтой судалгаа, туршилтуудын талаар олж мэдэх боломжтой. 

  1. Хэрхэн дипломын ажил бичих вэ: Их сургуулиа төгсөж буй оюутнууд уг сургалтад хамрагдсанаар 6 сарын дотор дипломын ажлаа бичих арга барилыг олж авах болно. Гол нь энэхүү сургалт испани хэл дээр явагдах юм байна. 

  2. Хятад хэлний анхан шатны хичээл: Уг сургалтад хамрагдсанаар хятад хэлний анхан шатны ойлголттой болж, өөрийгөө танилцуулах, уулзалт товлох, хоол сонгох, юмны үнэ асуух, цаг агаар, хоббины тухай ярих зэрэг өдөр тутмын түгээмэл харилцан яриаг үүсгэх чадвартай болно. 

Дашрамд дурдахад, “Coursera” сайт нь дэлхийн шилдэг их сургууль, боловсролын байгууллагуудын сургалтыг нээлттэй байршуулдаг бөгөөд дараах гурван хэлбэрээр сургалтад хамрагдах боломжтой.

  • Үнэ төлбөргүй, сертификатгүй сургалтууд (“Coursera”-ийн ихэнх сургалтууд үнэ төлбөргүй байдаг)

  • Төлбөртэй сургалтууд. Энэ төрлийн сургалтуудад хамрагдах хоёр боломж байдаг. Үнэ төлбөргүйгээр сургалтад сууж болох боловч гэрийн даалгавар, бие даах ажил гүйцэтгэж, үнэлүүлэх боломжгүй. Харин сургалтын төлбөр төлсөн тохиолдолд хичээлийн агуулгыг үзэж, даалгаврууд гүйцэтгэн үнэлүүлж, сертификат авах боломжтой.

  • Стэнфорд, Принстон зэрэг томоохон сургуулиас төрөл бүрийн сонирхолтой, үнэ төлбөргүй сургалтууд санал болгодог. Эдгээр нь ямар нэгэн сертификат олгодоггүй, цэвэр боловсрол олгох зорилготой сургалтууд юм. 

Эх сурвалж: Ublife.mn