Хүн аз жаргалтай амьдрахын хэрээр энгийн даруухан хувцаслаж эхэлдэг байна. Ийм нэгэн хачирхалтай дүгнэлтийг НҮБ-аас эрхлэн гаргадаг жил бүр дэлхийн аз жаргалын түвшинг тодорхойлсон тайланд дурджээ.

2011 оноос эхлэн жил бүр дэлхийн аз жаргалын судалгааг явуулдаг болсон. Эрдэмтэд судалгааны технологи дээр нухацтай ажилласан бөгөөд дэлхийн улс орнуудын ард иргэд өөрийн хэрэгцээг хангаж байгаа объектив түвшин болон өөрсдийнх нь амьдрал ямар байгаад субъектив үнэлгээ хийх замаар мэдээ мэдээллийг цуглуулна. Дараа нь үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулж улс орнуудын ард иргэд хэр аз жаргалтай байгааг жагсаан гаргадаг ажээ.

2017 онд аз жаргалтай улс орнуудын жагсаалт ийн гарчээ:

  1. Норвеги
  2. Дани
  3. Исланд
  4. Швейцар
  5. Финлянд
  6. Нидерланд
  7. Канад
  8. Шинэ Зеланд
  9. Австрали
  10. Швед

Бас яг л энэ бүрэлдэхүүнээрээ, гэхдээ жагссан байраа багахан сольсон байдалтайгаар өмнөх жилийн тайлан гарч байсан түүхтэй.

Эдгээр улс орнуудыг юу нэгтгэж байгааг та мэдэх үү? Үүнээс гадна амьдралын өртөг маш өндөртэй, нийгмийн стандартын тухайд бол чанд гэж жигтэйхэн бараг л коммунизм гэж хэлж болохоор (энэ үгийн сайн утгаар нь шүү). Блогеруудын нүдээр дүгнэхэд, эдгээр улс орнуудыг маш энгийн зүйл нэгтгэж байгаа юм – нутгийн ард иргэд хувцсыг ямар нэгэн хээнцэр, тансаг хэрэглээ гэж хардаггүй ажээ.

Дэлхийн моод болон загварыг тодорхойлогч улс орнуудын хувьд: гэрэл зурагчид гудамжаар алхаж байхдаа стрит-стайлыг илэрхийлэх гэрэл зургаа дарна, хоёр оюутан тутмын нэг нь яг л загварын бурхан шиг харагдах улс – аз жаргалтай улс орнуудын жагсаалтад 40 орчимд явж байна уу даа? Франц 32 дугаарт, харин Испани 37 дугаарт бичигджээ. Итали гэхэд л бараг төрсөн цагаасаа л эхлээд (хүйс хамаарахгүй) өмдөө яаж зөв нугалахыг мэддэг – бүр 50 дугаарт жагсаж байна гээд бод доо. Судалгаанд оролцсон нийт 157 улс орнуудын гуравны нэг нь италичуудаас аз жаргалтай амьдарч байна гэсэн үг юм.

За тэгэхээр аз жаргалтай улс орнуудад ямар байна вэ? Тэнд хэн нь ч өмдөө VOGUE сэтгүүлийн заавраар хэдэн миллиметрээр нугалах хэрэгтэй бол гэж толгойгоо гашилгаж бодохгүй. Өөрт эвтэйхэн байгаа хувцсаа л өмсөнө, загварлаг харагдаж байна уу үгүй юу гэдэгт нэг их анхаарал хандуулах ч үгүй. Жийнсэн өмд (майк, кет), пүүз, зузаан сул цамц. Хаа нэгтээ Дани эсвэл Голландад хосууд цугтаа алхаж байна – тэднийг хараад хэн нь бүсгүй, хэн нь залуу болохыг ч тодорхойлоход бэрх. Тэд ялгагдахын аргагүй хувцаслажээ.

Миний таньж мэдэх эрчүүдийн зарим нэг нь эмэгтэйчүүдийг хувцасласныг хараад галзуурах биз ээ, жишээ нь, Шведэд эмэгтэйчүүд яаж хувцаслаж байна? “Нүд баясгах юу ч байхгүй” – гэж тэд хэлэх биз. “Эмэгтэй хүн ийм байдаг юм уу” гэж гомдол нэхнэ. Гэхдээ энд нэг парадокс байгааг бид судалгааны үр дүнгээс шууд харна, жишээ нь, Швед – ард иргэд нь маш аз жаргалтай улс. Тэгэхээр тэр орны эмэгтэйчүүд өөрсдийгөө аз жаргалгүйд тооцдоггүй байх нь – өөрсдийгөө нарийн банзал эсвэл өглөөнөөс үдэш болтол 10 сантиметрийн өндөр өсгийтэй туфли өмсөөгүйд, бас үсээ ороож нүүрэндээ будаг наагаагүй гээд тэд аз жаргалгүй болсонгүй. Бас нөгөө талаас нь эрчүүдийг нь авч үзье л дээ, тэд эмэгтэйчүүдээ 24/7 цагаар дэлхийн загварыг илэрхийлж харагдсангүй гээд аз жаргалгүй болсонгүй.

Аз жаргалыг мэдрэхийн тулд заавал дэлхийн моодны трендийг дагах шаардлагагүй юм биш үү гэсэн бодол төрнө. Өөрийнхөө галбирт таарсан банзал, хувцас сонголоо гээд аз жаргалтай болж чадах уу?

Зүгээр энгийн хувцас өмсөөд аз жаргалыг бүрэн мэдэрч болох юм гэсэн бодол төрж байна уу? Хүн өөрийгөө аз жаргалтай болохыг мэдэрч байгаа цагт өөрийгөө хамгаалалттай бас тайван байгааг ч мэдэрнэ, тэр өдөр болгон хэн нэгэнд ямар нэгэн зүйлийг батлах шаардлагагүй болдог – зүгээр л өөрт таалагдсан жийнсэн өмдөө углаад пүүзтэй гүйж байх нь өөрт нь амар байгаа, тэндээсээ амьдралын аз жаргалыг мэдэрч байна.

Мөн Израильд эмэгтэйчүүд хэрхэн хувцасладгийг сонирхох хэрэгтэй, тэд маш чөлөөтэй бас энгийн хувцасладаг. Та итгэхгүй дээ, Израиль аз жаргалтай улс орнуудын жагсаалтын 11 дүгээрт бичигдсэн. Эхний арвын араас шууд жагссан байгаа биз?

Нийгмийн аз жаргалын түвшин болон амьдралаасаа таашаал авах мэдрэмж нь эмэгтэй хүний хувцаслалтаар үнэлэгдэж болохыг та юу гэж бодож байна вэ? Эсвэл энэ зүгээр л тохиолдлын зүйл үү?