НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 24 айлын гэр, орон сууцанд нууцаар нэвтэрч, эд зүйлс хулгайлсан дөрвөн этгээдийг илрүүлэн, шалгаж байна гэж тус хэлтсээс мэдээллээ. 

Урьдчилсан байдлаар, тус этгээдүүд дээрх хэргийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 12-ноос энэ сарын дөрөвнийг хүртэл үйлдэж, хулгайлсан эд зүйлээ барьцаалан зээлдүүлэх газарт тушаадаг болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байна.

Тэдэнд ЭХТА-ийн 17.1, 17.2.1-д заасан үндэслэл буюу хулгайлах, бусдын тусгайлан хамгаалсан орон, байрт нэвтэрсэн хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн Мөрдөн шалгалт үргэлжилж байна.

Дашрамд дурдахад, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс он гарснаас хойш 18 холбогдогчтой, 140 гаруй сая төгрөгний хохиролтой 205 хулгайн хэрэг илрүүлэн шалгаж байна.