Очир төвд нас барсан 13 настай охины хэрэгт М.Амарболд, Д.Жавхлан нарыг буруутгаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр  тэдэнд бүх насаар нь хорих ял шийтгэсэн.

Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар тус тус давж заалдах гомдол гаргасан бол мөн улсын яллагч О.Багшбаяр эсэргүүцэл бичсэн.

Хуульд заасны дагуу хэргийн оролцогч нарт уг гомдол, эсэргүүцлийг танилцуулж, хуулийн хугацаанд хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна. Давж заалдах шатны шүүх хурал маргааш 11.00 цагт Нийслэлийн шүүхэд болох аж.