Өнөөдөр Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг шүүнэ

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон Н.Батбаяр, Р.Онон нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 25-нд болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон байгаа юм.
 
Тодруулбал, сайд асан Б.Гарамгайбаатар болон Н.Батбаяр, Р.Онон нарын шүүх хурлаар шүүгдэгч Н.Батбаяр шинээр өмгөөлөгч авч, өмгөөлөгч Л.Данзанноров, Б.Мөнхбат нар хэргийн материалтай танилцах тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хойшлуулсан юм. Харин өнөөдөр тэднийг шүүх хурал болно.

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тухайн үед Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний  хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон юм.
 
Харин УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга асан Б.Гарамгайбаатар, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Онон нарт 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх юм.