Авлигатай тэмцэх газраас 2018 оны 10-р сарын 10-ны өдөр “Шинэ эхлэл” дунд сургуулийн захирал Л.Эрдэнийг хахуулийн хэргээр саатуулж байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл Л.Эрдэнэд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэрэг шүүхэд шилжсэн байна. Улмаар Л.Эрдэнийн холбогдсон хахуулийн хэргийг 2019.02.13-ны өдөр  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн байна. 

Түүнийг 2018-2019 оны хичээлийн жилд “Шинэ эхлэл”-ийн зургадугаар ангид элссэн Н-ыг тус сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцүүлснийхээ төлөө ээж Н.Оюун-Эрдэнээс нь энэ оны зургадугаар сарын 23-нд 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгасан юм. НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан бусдаас хахууль авсан үндэслэлээр Л.Эрдэнэд яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн даргалж өчигдөр 15.00 цагт хэлэлцсэн шүүх хурлаас Л.Эрдэнийг хахууль авсан гэм буруутайд тооцож, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Харин хахууль өгсөн Н.Оюун-Эрдэнэ, зуучилсан гэх Г.Гантулга нарт тэнсэн харгалзах ял оноолоо.