Монгол  Улсын Ерөнхийлөгчийг зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг өөр ажилд томилсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь 2018 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр чөлөөлсөн. Эзгүйрсэн ЗХЖШ-ын даргын үүргийг  Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат орлож байгаа. Тэгвэл эзгүй энэ суудалд хошууч, генерал А.Ганбатыг нэр дэвшүүлэх саналыг Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлжээ. Үүнтэй холбоотойгоор АТГ-т хоёрдугаар сарын 2-ны өдөр Ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаарх лавлагааг нь авсан байна. 

ХОШУУЧ ГЕНЕРАЛ АЮУШИЙН ГАНБАТЫН НАМТАР

1962 онд Улаанбаатар хотод төрсөн
1969-1979 онд Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын нэрэмжит арван жилийн хоёрдугаар дунд сургууль
1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль
1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи
1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи
2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн.


Зэвсэгт хүчинд 1979-2010 онд алба хааж байсан. Энэ хугацаанд Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч, БХЯ-ны 7 дугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын I орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч, ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч-хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын Тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байжээ. А.Ганбатад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар зарлигаар хошууч генерал цол хүртээжээ.

ЗХЖШ-ын даргад нэр нь яригдаж байгаа А.Ганбат нь 2010 онд ЗХЖШ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа ОХУ-ын Анагаахын сургуульд сурдаг хүүгээ Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123-р ангид ажилладаг мэтээр баримт бүрдүүлж, цалинжуулдаг байсан, БНХАУ-д сурдаг хүүг нь мөн Зэвсэгт хүчний өөр нэгэн ангиас цалинжуулдаг гэсэн хэрэгт буруутгаж байсан бөгөөд тэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарсан байна.