Бүү эмзэглээрэй. 12, 13 настай охид бэлгийн харьцаанд орж, үр хөндүүлж байна. Дэгж дэрвэх насандаа хүчирхийллийн золиос болсон нь ч цөөнгүй. Сэтгэл зүрх, эд эрхтнээ эрэмдэглүүлсэн охид хазгай гишгэсний улмаас бэлгийн замын халдварт өвчин тээгч, бас түгээгч болж хувирсны бурууг энэ “араатан” нийгмээс хайх гээд оролдъё.

“Одоогийн охид ээж шигээ хоол хийж сураагүй байж аав шигээ архи даахыг нь яана” хэмээн тэднийг олноороо чичлэхээс биш яагаад ийм байдалд хүрснийг, буруутай этгээдийг нь олж тогтоохыг хэн ч хүсэхгүй байна. 2011 онд 12 настай таван охин үр хөндүүлж байгаад нэг нь хүүхэдтэйгээ эндсэн тухай цочирдом мэдээг нийгэм даяар шуугиад л өнгөрсөн. Тухайн үед охидыг “Зах замбараагаа алдсан” гэж жигшсэнээс өөрөөр мэргэжлийн байгууллагууд дорвитой арга хэмжээ аваагүй.

Эдүгээ жил бүр өсвөр насны 1000 орчим охин тогтмол үр хөндүүлж, эмч нарын санааг чилээх болов. Зөвхөн бүртгэгдсэн тоо нь энэ. Үүнээс ч олон байгааг мэргэжлийнхэн хэлдэг. Учир нь улс, хувийн эмнэлгийнхэн хууль бус энэүйл ажиллагаагаа ямагт нуун дарагдуулж, статистик мэдээгээ худал мэдүүлдэг нь ийн хардахад хүргэсэн хэрэг. Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргадаг эмхэтгэлд насанд хүрээгүй охид жирэмслэх, хүсээгүй хүүхдээсээ татгалзан, амь, эрүүл мэндээрээ хохирсон гэх үзүүлэлтүүдийн өсөлтийн муруй дээш цойлох болжээ. Мөн “хормойн” өвчинд нэрвэгдсэн охидын тоо ч жил бүр нэмэгдсээр.

Улсын хэмжээнд жил тутам 15-20 мянган хүн бэлгийн замын халдварт өвчин тусаж буйгаас 10 хүн тутмын нэг нь насанд хүрээгүй байна. Эдгээрийн 60 гаруй хувийг охид эзэлж байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн судалж, тогтоожээ. “Зөвхөн оношлогдсон тоо” гэж албаныхан тодотгож хэлдэг болоод байгаа. Энэ нь өсвөр насныхны дундах бэлгийн замын өвчин, хүчирхийлэл, үр хөндүүлсэн зэрэг тоон үзүүлэлтийг хянаж чадахаа байсантай холбоотой.

“Хойт эцэг нь хоёр настай дагавар охиноо хүчирхийлжээ”, “Төрсөн эцэг нь үрээ бузарлав”, “Өвөө нь ач охиноо эрэмдэглэлээ” гэх хүн ёсонд баймгүй сэртхийм мэдээ байсхийгээд л нийгмийн сүлжээнд тардаг. Тэр мэдээллийн доор сэтгэгдэл үлдээж, жигшин зэвүүцэхээс өөрөөр бид ирээдүйд ээж болох энхрий үрсийнхээ төлөө юу хийв.

Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийнхөн насанд хүрээгүй хүнийг хүчирхийлэх гэмт хэргийн шалтгаан, хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх цогц судалгааг хийж, 2018 онд хэлэлцүүлсэн байдаг. Баримтыг сөхвөл, 2017 оны гуравдугаар улирлын байдлаар бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан буюу хүчирхийлсэн байж болзошгүй 228 хэрэг шалгажээ. Харамсалтай нь, үүний 90 хувь буюу 205 нь хүүхэд хүчирхийлсэн хэрэг болохыг тогтоосон. Уг үзүүлэлт нь ганцхан жилийн дотор энэ төрлийн гэмт хэрэг дөрөв дахин өссөнийг илтгэх аж. Дээрх хэргүүдийн олонх нь хүүхдийг онц хэрцгийгээр хохироосон нь шалгалтын явцад тодорхой болжээ. Мэдээж хохирогсдын 97 хувь нь эмзэг турьхан охид.

Бэлгийн хүчирхийлэлд өртөгсдийн 12.2 хувь нь 1-6 насныхан, үлдсэн нь сурагчид байв.
Энэ нь уг гэмт хэргээс урьдчилан сэргийлж, бас хохирсон охидыг олж илрүүлэх, эмчлэх боломж байгааг харуулж буй юм. Яаж гэж үү. Охидын үзлэгийг сэргээе. Магадгүй цор ганц шийдэл нь энэ байж ч мэдэх юм. Бидний багад сургуулийн эмч IV ангиас эхлэн, улирал бүр охидын ариун цэврийг шалгаж, хуйлруулдаг сан. Зугтаасан нэгнээ элдэвлэж, “но”-той гэж хардана. Гэвч туршлагатай багш, эмч нарын буянаар эцэг, эхчүүд охиддоо тавих анхаарлаа чангатгасны хүчинд одоогийнх шиг хэн нэгний бузар хүслийн золиос болгож байгаагүй юм шүү. Хамтдаа харилцан ойлголцож ажилласны үр дүн байж.

Хэнтий аймгийн Өндөрхаан (хуучнаар) хотын I сургуульд олон жил ажилласан нэгэн эмчийн яриаг хүргэе. “Сүүлийн үед нийгмийг цочирдуулаад зогсохгүй хорон үйлтнүүдэд сэдэл өгөхүйц жигшүүрт хэрэг их гарах болж. 13-16 насны охид “элдэвлүүлээд” жирэмсэн болсноо мэдэхгүй явсаар хүүхдээ төрүүлсэн тохиолдол ч бишгүй л байна. Би сургуульдаа олон жил эмчээр ажилласан. 1990-ээд оны үед, түүнээс хойш ч охидыг дунд ангид байхаас нь эмэгтэйчүүдийн үзлэгт хамруулж, бэлгийн харьцаанд орсон, эсэх, хүчирхийлүүлсэн байж болзошгүй ул мөр зэргийг бүгдийг нь нарийн шалгадаг байлаа. Тухайн үед ахлах ангидаа бэлгийн харьцаанд орсон ганц, хоёрхон хүүхэд илэрч байснаас одоогийнх шиг аймшигт хэрэг гарах нь ховор байж. Эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага, сургуулийн захиргааныхны хараа хяналт ч маш сайн.

Цаг улирахын хэрээр хүний эрхийг сүрхий дээдэлж, энэ бүхэн далд хэлбэрт шилжсэн юм даг. Багш нь ангийн охиноо жирэмсэн болсныг сургуулиа төгсөхөд нь мэдэж, бэлгийн замын өвчин туссаныг нь эцэг, эхээс нь сонсох зэргээр өсвөр насныхны тулгамдсан асуудлууд хувь хүний эрх, нууц болж хувирсан. Энэ нь нэг талаас зөв ч гарах үр дагавар, хор уршиг нь аюултай байж. Тухайн үеийн сургуулиуд ямартай ч улсдаа эрүүл иргэн тушаадаг байсан юм шүү. Болохгүйтэй нь биечлэн уулзаж, ар гэрийнхэнтэй нь хамтран ярилцаж, зөв замд нь чиглүүлнэ. Одоо хүний эрх гэх хоёрхон үгээр “хөшиг татаж”, ард нь гэмт хэрэг, өвчин, эндэгдлийг өөгшүүлж, нуун далдалж буйгаас ялгаа алга. Өөрийгөө хамгаалах чадваргүйг нь далимдуулж дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийн хохирогчдод эрүүл мэндийн болоод сэтгэл санааны ямар их дарамт учирдаг гэж санана. Ганц удаагийн бус давтан, олон жилийн турш хүчирхийлж байсан хэрэг ч олон байна. Хэрэв ерөнхий боловсролын сургуульд охидыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бол бузар үйлдлүүдийг таслан зогсоож чадах байсан” гэж ярилаа.

УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийнхний хийсэн судалгаанаас харахад насанд хүрээгүй 56 хүүхдийг олон жилийн турш хүчирхийлж байсныг тогтоож. Тэдний 17 нь 3-7 жилийн турш бэлгийн хүчирхийлэлд байжээ. Хүүхэд л болсон хойно гэмт этгээдийн “Хүнд хэлбэл ална” гэх сүрдүүлэгт нь итгэн, олон жилийн турш ганц ч үг ганхийлгүй хүчирхийлүүлсэн байна.

Прокурорын байгууллагынхны ярьж буйгаар “Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг замаа алдсан. Илрүүлсэн нь энэ боловч бүртгүүлээгүй, нуун далдалсан өч төчнөөн хэрэг бий” гэв. 2017 онд хүчингийн гэмт хэргийн улмаас 23 хүүхэд бэлгийн замын халдварт өвчин туссан, 12 нь жирэмсэлсэн, есөн хүүхэд сэтгэцийн эмгэгтэй болжээ. Жигшүүрт хэрэг үйлдэгсдийн 15 хувь нь бага насны хохирогчтой ямар нэгэн хамааралгүй, танихгүй хүмүүс аж. Харин 85 хувь нь гэр бүлийнх нь гишүүн, хамаатан садан, ойр дотнынхон байдаг нь энэ төрлийн гэмт хэрэг улам “нуугдах” эрсдэл дагуулж буйг мэргэжлийн хүмүүс хэллээ. Учир нь хохирогчийн ар гэрийнхэн олны хэл ам, гэр бүлийнхээ нэр хүндийг шороотой хутгахгүйн тулд нэг удаа далдлаад өнгөрдөг байна. Удаа дараагийнх нь үйлдлийг аргагүйн эрхэнд илчилдэг гэх.

“Том болоод онгоцны үйлчлэгч, шүдний эмч, багш, хуульч болно” хэмээж, гэгээнээр мөрөөдөж яваа бяцхан үрсээ хорвоогийн хамгийн муухайгаар гутаан доромжилж, бие, сэтгэлд нь хэзээ ч арилшгүй гүн шарх үлдээж буй хэнбугайг ч бурхан гэсгээх биз.

Харин ЭМЯ-ныхаан, охидын хүчирхийллийг хууль, цагдаагийнханд “илчилж” өгөөч. Хяналтдаа авахад нь нэг ёсоор туслах юм. Бусдыг нь хүчний байгууллагынхан зохицуулчихна гэсэн. Та бүхний үүрэг оролцоо эдүгээ чухал болоод байна. Сургууль бүрт эмч томилоод, охидын үзлэгийг сэргээх тийм ч хэцүү ажил биш гэж бодном. Эрүүл мэндийн статистик үзүүлэлтүүдийн үр дүн хэтдээ сайжирч, өсвөр насныхан өвчилж, жирэмслэх, цаашлаад үр хөндүүлэх нь багасах буй за.