Монголын саалийн ганц үнээ “Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон холион бантан хэмжээнээсээ хэтэрлээ. Хэдэн жилийн өмнөөс “Монголын зэс корпораци” буюу түүний цаад эзэн “сахал” хэмээх Д.Эрдэнэбидэг  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас авчрахдаа баахан луйвар хийчихсэн байна гэж шуугиж байна.



Бас Ерөнхий сайд С.Баяр, ТӨХ-ны дарга Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзориг нарын үеэд “Жаст”-ын Ш.Батхүү тус үйлдвэрийн 51 хувийг ӨАБНУ-ын Стандарт банзны барьцаанд тавьчихсан нь өнөөдөр гарц шийдэлгүй гацчихаад цаг, хормоор өр нэмэгдж байна.

Өөрөөр хэлбэл, талыг нь “сахал” Д.Эрдэнэбилэг, түүнийг тойрсон нөхдүүд, нөгөө талыг нь “Жаст” Ш.Батхүү, түүнийг дэмжсэн төрийн “зүтгэлтнүүд” эд бадыг нь хийчихсэн гэдэг ойлголт нийгэмд байна.

“Монголын зэс корпораци” гэдэг компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан тухай мэдээлэл анх 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын өмнөхөн болж байлаа. Энэ явдал АН-ыг унагасан. Харин МАН ялсан. МАН ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрдөө буцааж авна гэсэн амлалтыг өгч байлаа.

Ингээд 2016 оны сонгуулиар төрийн эрхийг илт давуу барьж эхэлсэн МАН-ынхнаас бүрдсэн УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49  хувийг төрийн мэдэлд шилжүүлсэн авах тухай алдарт 23 дугаар тогтоол гаргаж байлаа.

Энэ тогтоолд түшиглэн Засгийн газрын тогтоол ч үйлдэгдсэн. Мөн “Монголын зэс корпораци”-ийнхан эдгээртэй заргалдаж, энэ асуудал шүүх, Цэцээр явсан.
Ингэсээр өнөөдрийг хүрэв. Үр дүн байхгүй.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувь бол ӨАБНУ-ын Стандарт банкны барьцаанд байгаа. Яг үнэндээ 51 хувь ч бус “Эрдэнэт үйлдвэр”-ийг бүхэлд нь барьцаалсан хэрэг. Одоо өр нь 115 сая ам.доллар болсон. Сарын дараа 162 сая ам.доллар болж өснө.

Энэ явдалд хамаарах хүмүүс ямар нэг хариуцлага хүлээлгүй байсаар л байна.

Харин 49 хувийн тухайд ард түмэн Монголын бүх баялгийг хамсан “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг айхтар мангасын тухай домог сонссоор дасч байна. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүртэл “Тэр “сахал” Эрдэнэбилэг гэдэг эзнээ хармаар байна” гэж дуугарч байв. Гэсэн ч түүний барааг харж чадалгүй, сураг чимээ суу алдрыг нь сонссоор сууцгааж байна.

Тэр хүний талаар,  “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49  хувийг эзэмшигч “Монголын зэс корпораци”-ийнх нь тухай одоогийн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2016 оны сүүлчээр УИХ-ын дэд дарга байхдаа Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцох үеэрээ “ “Монголбанкин дээр хийсэн шалгалтын дүнг хараад байхад “Монголын зэс корпораци” нэгдэл гэдэгт чинь яг нарийндаа өөрийн гэсэн мөнгө байхгүй байсан нь илэрхий болж байна. Дандаа Худалдаа хөгжлийн банкнаас гарсан зээл тэр төлбөрт явсан байна.

Жишээ нь ХХБ 2016 оны зургадугаар сарын 17-нд нэг компанид зээл өгөөд тэр компани нь “Монголын зэс корпораци” нэгдэл  гэдэгт дахин зээлдүүлээд тэр мөнгийг хойшоо явуулсан. Тэгээд эцсийн тэр 400 сая долларын бүх эх үүсвэрийг нь харахаар дандаа л ийм юм байна. Би баримтгүй юм ярихгүй. Бүр хөөрхөн юм байна. Пүрэвтүвшин гээд тэр 27 настай хүүхэд их анхаарал татаад олдож өгөхгүй байна. Тэр хүүхэд өөрөө өөрийнхөө байгуулсан компаниас 70 сая долларын зээл авсан байвал яах уу. Тэр компанид нь мөнгө байхгүй, орлого байхгүй, Монголд байхгүй компаниас 70 сая долларын зээл авсан байвал яах уу.

Тэгээд яахав тэр компани ХХБ-аас зээл аваад л “Монголын зэс корпораци” нэгдэл рүү шилжүүлээд “Монголын зэс корпораци” нэгдэл нь хойшоо өгчихсөн. Эцсийн дүндээ Худалдаа хөгжлийн банкнаас гарсан мөнгө л байгаа байхгүй юу.

Миний яриад байгаа “Кью Эс Си” тэр компани бас 70 сая долларын зээл авсан. Тэрний өмнө Монголбанкны ерөнхийлөгч нууц тушаал гаргаад 2016 оны дөрөвдүгээр сард тэр “Кью Эс Си” компанид 100 тэрбум төгрөг, дараа нь 2016 оны зургадугаар сарын 28-нд дахиж нэг тушаал гаргаад 160 тэрбум төгрөгний зээл өгсөн. Монгол банк зээл өгдөг банк биш. Монголбанкны Н.Золжаргал чинь Худалдаа хөгжлийн банкны диллер байсан хүн. Ойлгож байна. Дээрээс нь Засгийн газрын 500 сая долларын баталгаа гаргуулсан мөнгө Худалдаа хөгжлийн банкинд бий. Нөгөө Чингис бондын чинь мөнгө энэ банкинд  байгаа. Энэнээс л гарсан байна даа.

Тэгэхдээ Худалдаа хөгжлийн банкнаас 70 сая долларын зээл авахдаа ирээдүйд бий болох орлогоо барьцаалж зээл авсан. Тэгээд дараа нь зургаан сард зээл авахдаа Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-ны барьцаанд тавьчихсан. Ийм л юм болсон. Одоо Худалдаа хөгжлийн банк зээлдүүлсэн 70 сая доллараа буцааж авья гэвэл нөгөө мөнгө нь байхгүй. Монголбанкны мөнгө чинь улсын мөнгө биз дээ. Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларын зээлээ  төлж чадахгүй бол Засгийн газар төлнө. Хөгжлийн банк зээлээ төлж чадахгүй бол Засгийн газар төлнө. Яагаад гэвэл Хөгжлийн банк чинь Засгийн газрын байгуулсан банк. Тэр банкны бүх эрсдлийг Засгийн газар үүрдэг. Бүгд ийм нөхцөлтэй. Тэгэхээр эцсийн дүндээ нөгөө Ерөнхийлөгчийн чинь магтаад байдаг хүмүүс чинь улсын мөнгөөр наад 49 хувийг чинь авсан байна даа.

Би баталгаатай юм ярина. Ажлын хэсэг дээр Монголбанкны шалгалтын үр дүнгээр ийм юм гарч ирж байна. Ийм л юм цаад талд нь байна. Тэгэхээр 49 хувийнхан чинь Эрдэнэтийг тэр чигт нь барьцаанд тавьчихсан байна шүү дээ. Одоо бол ямар ч байсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад учраа олох байх. Эх үүсвэр нь цэвэр байх юм бол нэг хэрэг. Гэтэл эд нарын өөрсдөө гаргасан мөнгө бараг байхгүй байгаа биз дээ” гэж ярьсан байдаг.

Ийм хардлага олон нийтэд ч бүрэн дүүрэн суучихсан. Үүнийг лавшруулж байгаа нэг зүйл бол “сахал” Д.Эрдэнэбилэгийн өмнөөс “Монголын зэс корпораци”-ийг ил удирддаг гэгддэг Ц.Пүрэвтүвшин гэдэг залуу бий.

Энэ залуу ганцхан сая төгрөгийн дүрмийн сантай компанийг 12 саятай болгож, улмаар 112 тэрбум төгрөгтэй болгож байгаад “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49  хувийг эзэмшигч болсон гэгддэг.
Сүүлд, цагаан сарын өмнөхөн энэ хоёр том компанийн 49 хувийг Сингапур дахь компани руу шижлжүүлэх гэж байна гэсэн дуулиан дэгдээд авсан.

Залгуулаад ойрмогхоноос “Монголын зэс корпораци”-ийнхан буюу “49 хувийнхан” “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг нэмж аваад 100 эзэмшдэг болохоор ажиллаж байна гэсэн мэдээлэл цацагдаад эхэллээ. Тэр ч байтугай энэ сарын 5-ны өдөр Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин, Э.Дөлгөөн нар ӨАБНУ-ын Стандарт банкныхантай уулзсан гэх мэдээлэл цахим сүлжээгээр түгж байна.

Хамгийн хачирхалтай нь Монголын хууль хяналтын байгууллага илбийн юм шиг нүдэн дээр болж буй асуудлыг шалгалгүй өнөөг хүрээд байгаа юм.

За яахав, Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг харсан үзсэн хүн ховор гээд байдаг болохоор хуулийнхан олж уулзаж чаддагүй гэж ойлгож болно.

Тэгвэл 27-хон насандаа 400 сая ам.доллараар улс дамжсан бизнес хийсэн, энэ нь луйвар байсан гэж хардагдаад байгаа Цоожийн Пүрэвтүвшин гэдэг залууг барьж аваад шалгах хэрэгтэй. Луйварх хийсэн буруутай бол “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49  хувийг төрдөө буцааж аваад түүнийг шийтгэх учиртай. Харин Ц.Пүрэвтүвшин буруугүй бол нэр төрийг нь цагаатгаж, эрхэлж буй бизнесийг нь элдвийн түгшүүргүй хийх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Яадаг ч байсан энэ бүхэнд цэг тавих нь энэ УИХ, Засгийн газрын, бас хууль хяналтын байгууллагын ажил юм.

Эс тэгвээс саалийн үнээнүүдийг  “хашсан” Ц.Пүрэвтүвшинг шалгах цөстэй аавын хүү Монголын хууль хяналтын байгууллагад алга уу гэж ард түмэн асуусаар байх болно.

Эх сурвалж: Өдрийн сонин