Ай эр цэргийн баяр Энэ өдрийг би он жавтайгаа хамт өнгөрөөдөг юм. Тэртээх 30 гаруй жилийн өмнө эх орны зарлан доор чамтай эр цэргийн жагсаалд мөр зэрэгцэн зогсож эх орноо батлан хамгаалахаа тангараглаж байж билээ.

Аав ээжийнхээ дэргэдээс анх удаагаа холдож гэнэн багын аашаа гээж ч амжаагүй яваа гэнэггүйхэн залуу хорь орчим насандаа дөчин размерийн бакалны хатуу улаар жагсаалын талбайг элэгдтэл товшиж, цэргийн хуаранд ижилсэн нөхөрлөсөн бид хамтдаа байсан мартахын аргагүй цаг мөчүүдээ дурсаж байдаг юм. Эрдмийн ширээнээс гараад эхэлж замнасан замнал, эх орны цэргээр дуудуулсан эгэл нэгэн намтар, жаргалтай дэлгэр орныхоо мөнхийн харуулд жагсаалын цэргээс хурандаа хүртлээ явлаа чи бидэн хоёр. Өнөөдөр чи бидний нөхөрлөсөн он жилүүдийн төлөө цэрэг хувцсаа тайлаагүй буурал найздаа би чин зүрхний хундагаа өөд өөд нь өргөмөөр байна. Цэргийн хуаранд хугацаат цэргийн алба хааж, Орос оронд сурч төгсөн Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхдээ эх орон гэсэн нэгэн үзүүрт сэтгэлд уягдаж байсан. Цэргийн анд, он жавтайгаа нас, намтраан элээн байж хамт нөхөрлөсөн жилүүдэд холхи замын бэлчирт зөрж мунгинаагүй, хөзрийн тавил шиг амьдралаас илүү дутууг горьдоогүй, сэрүүн зүүд шиг хорвоогийн өнгө мөнгөнд хууртаагүй билээ. Хүмүүн заяаны харгуйд амьдралын тэнхлэг эргүүлэхдээ хүнд хэцүү үед Зэвсэгт хүчнээ орхиогүй, өсөж өндийсөн нутаг, өөрийг нь сураг тавин хүлээсэн мэлмий сүүмгэр эжийдээ ч очоогүй бид хамтдаа байлаа. Зэвсэгт хүчин хэмээх том айлд багтан идэр залуу насандаа ажиллаж хөдөлмөрлөхдөө алдаа гаргах эрхгүй байх, бэрхшээлийг давах, хүлээцтэй хандах, асуудлыг шийдвэрлэх, шийдэмгий байх, хүнд талархах, уучлах, хошигнох гээд хүмүүн хоорондын харилцааны олон сэжүүрт харилцааг сэтгэл зүрхэндээ шингээн тээж, амьдралынхаа зуршил болгосон байх юм. Оройн тооны дэвтэр, цагийн манааны үүрэг, хувцас олгох карт, офицер цолны тушаал, цалин олголтын зэсэн дээр чиний нэр надтай хамт байж, албан томилолт, хээрийн сургуулийн бүрэлдэхүүнтэй хамтдаан явж байлаа. Чи бид хоёрын нэр сайшаал, шийтгэлийн шийдвэр дээр, одон медалийн тодорхойлолт дээр ч хамтдаа байлаа. “Ард минь бүү алх, би замчилж чадахгүй байх, урд минь бүү алх, би дагаж чадахгүй байх, дэргэд минь алхах найз минь бай” гэсэн энэхүү зарчмыг бидэн хоёр мөрдөж иржээ. Хэдийгээр өөр өөр мэргэжил эзэмшсэн ч Зэвсэгт хүчинд их спортыг хөгжүүлэхийн төлөө, бие бүрэлдэхүүний бие бялдрыг чийрэгжүүлэх, ажиллаж амьдрах, алба хаах ая тухтай нөхцлийг бүрдүүлэх, байнгын бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг дээшлүүлэх, гэрээт цэргийн албыг төлөвшүүлэх, цэргийн хотхоны тохижолт, ашиглалтыг сайжруулах гээд л... Тэгж л бид хоёр эр цэргийн тангараг дор Зэвсэгт хүчний төлөө мөр зэрэгцэн зүтгэсэн байх юм. Нөхөрлөл хувцасны ганган, өнгөний гоё, царайны сайханд биш, нөхөрлөл сэтгэлийн сайхан, найзаа гэх итгэлийн гүнд байдаг ажээ. Дурдатгалын цэнхэр хэлхээ, он жилүүдийн уртад шаралсан гэрэл зураг, гэгээлэг нэгэн цаг үеийн эгэл дурсамж бидэнд байна. Сэтгэлийн гүнээ уудалж, жаргал амсахын цадиг үлдээж хамт байсан мөчүүдээ дурсан, санаж мартахын чөлөөгөөр төөрөг заяаны томилолт хэзээ дуусахыг мэдэхгүй хөөрөг зөрүүлэх учрал олон тохиохыг би хүснэм. Сүр ихт Богд Чингис гэгээний хараа ихт Хар сүлдний гэгээн өршөөх тайлгын индэр дээрээс чамтай хамт зэрэгцэн зогсож ёсолюу.

ХУРАНДАА ГОМБЫН БАЯРСАЙХАН