Өөрсдийгөө дэлхийн брэн­д оруулж ирдэг хэмээн цоллодог “Моннис”-ийнхны үг, үйлдэл, үйл ажиллагаа нь ярьсан, хэлсэн шигээ тийм ч шударга бус байдаг бололтой.

Учир нь сүүлийн хэд хоногт тус компанийн үйл ажиллагааны талаар гарч байсан таагүй мэдээллийг ШӨХТГ-ын дарга О.Магнай баталж орхисон нь яах аргагүй олны анхаарлыг татаж байна.Тодруулбал, тэрбээр “Моннис”-ынхон урд хөршид үйлдвэрлэсэн машиныг монголчуудад дэлхийн брэнд хэмээн шахаж байсныг баталчихав.Хэрэв уншигчид санаж буй бол нэг хэсэг хэвлэлээр “Моннис” компани Хята­­дад үйлдвэрлэсэн “Нис­сан Теана” маркийн автомашиныг Японд үйлд­­вэрлэсэн гэж бичээд арилж­сан.Анх энэ автомашиныг ҮХААЯ-ныхан худалдан авч, улмаар С.Бауржин гэгч түүнийг худалдаж аван Казакстан руу гаргах гэтэл Японд үйлдвэрлэсэн автомашин биш байжээ” гэх агуулгатай мэдээлэл гарч байсан.

Тухайн үед энэ мэдээлэл олны анхаарлыг татаж “Моннис”-ийнхон арай ч БНХАУ-д үйлдвэрлэсэн автомашин зараагүй байлгүй дээ хэмээн албан ёсны тайлбар хийхийг хүсч байсан юм. Тэгвэл энэ мэдээллийг ШӨХТГ-ын дарга О.Магнай хэдхэн хоногийн өмнө дахин баталж “Дээрх иргэний хүсэлтээр тус газарт шалгалт хийхэд түүний худалдан авсан “Ниссан теана” маркийн автомашин 2008 онд БНХАУ дахь “Ниссан”-ы албан ёсны эрх бүхий “Донг фэн мотор” компанид үйлдвэрлэж, тухайн оныхоо тавдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын гаалиар хилийн нэвтрэх барааны мэдүүлгээр Замын-Үүдийн боомтоор орж ирсэн нь тогтоогдсон” хэмээлээ. Эндээс харахад “Моннис”-ынхон дээрх автомашиныг урдаас оруулж ирж улмаар төрийн байгууллагад шахсан нь үнэн болж таарах нь.

Харамсалтай нь, энэ асуудалд “Моннис”-ийн зүгээс ямар нэг тайлбар хэлсэнгүй. Иймээс олон нийтийн дунд “Моннис” хэр найдвартай вэ гэсэн хэлэлцүүлэг эхэлчих шиг боллоо.Мэдээж ямар ч компанид бизнесийн нэр хүнд гэж бий. Энэ ч утгаараа дээрх асуудалд тус компанийнхан ямар ч байдлаар тайлбар хийж болох бөгөөд “Манайх зарим автомашинаа урд хөршид угсардаг” гэхийг үгүйсгэх аргагүй. Магадгүй асуудал ийм байсан бол тус компанийнхан энэ тухайгаа хэрэглэгчиддээ сайн ойлгуулах ёстой. Тэгэж байж хэрэглэгчид болоод тус компанийн хооронд асуудал үүсэхгүй. Гэхдээ асуудлын ээдрээ нь тус компанийнхан хятадад угсарсан машин оруулж ирдэггүй, хэвлэлийнхэн ташаа мэдээлэл цацсан гэж байтал О.Магнай дарга дээрх автомашиныг “БНХАУ дахь “Ниссан”-ы албан ёсны эрх бүхий “Донг фэн мотор” компанид үйлдвэрлэсэн” гээд хэлчихсэнд байгаа юм. Эндээс л “Моннис”-ийнхон Монголын ард түмэн, төрийн байгууллагыг хуурч шахаа хийсэн гэдэг нь үнэн болж харагдаад байна.Магадгүй үүнээс улбаалан тус компанийн төрийн байгууллагад шахсан автомашиныг нэг бүрчлэн шалгаад үзвэл ямар ч “но”-той асуудал гарахыг үгүйсгэх аргагүй мэт.

Тэгвэл үүнээс өөр тус компанитай холбоотой бас нэг таагүй мэдээлэл байгаа нь “Моннис”-ийнхон “Эрдэнэс Та­ван­­толгой”-д шахаа хийсэн гэх дуу­­лиан.Энд нэг зүйлийг онцлоход яг дээрх мэдээллийг өнгөрсөн оны сүүлээр Эрүүгийн цагдаагийн газрын нөлөө бүхий эрхэм хэвлэлийнхэнд өгч “Моннис”-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд шахаа хийсэн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа хэмээн ярьж байсан удаатай.Харин энэ мэдээллийг тус компанийн зүгээс эрс үгүйсгэж “Манайх ямар нэг шахаа хийгээгүй” хэмээн зарим нь бөөн зарга үүсгэж, залруулга хүртэл гаргаад авсан.Харин энэ хэргийн тухай цагдаагийнхнаас дахин нягтлахад “Шалгаж байгаа.Цаг нь болохоор мэдээлэл өгнө” гэж байна.

Мэдээж цагдаагийнхан хэр­гийг шалгаад “Моннис” шахаа хийгээгүй гэдгийг тогтоочихвол үнэхээр сайн.Хэрэв тийм бол тус компанийн гадаад дотоод нэр хүнд хийгээд магадгүй дээр өгүүлсэн Хятадад үйлдвэрлэсэн автомашиныг монголчууддаа зар­сан гэх таагүй нэрээс цэвэрхэн салж болох талтай.Гэхдээ өнгөрсөн онд Үндэсний аудитын газраас “Эрдэнэс Тавантолгой”-д шалгалт хийсэн юм билээ. Энэ үеэр манай төрийн байгууллагаас үүдэлтэй нэгэн ноцтой зүйл илэрсэн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Моннис Интернэшнл” ХХК-ийн Голомт банкин дахь дансанд 46.4 тэрбум төгрөгийг шилжүүлж, уурхайн туслах машин, механизм худалдан авсан боловч хөрөнгийг орлогод тусгалгүйгээр бэлтгэн нийлүүлэгчээс гэрээт олборлогч болох “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д шууд нийлүүлсэн нь илэрчээ. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3-т заасан “…Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэ­лэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно…” гэдэгтэй зөрчилдөөд байгаа аж. Эндээс “Моннис”-ийнхон “Эрдэнэс Тавантолгой”-д бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, товчхондоо бол шахсан гэдэг нь ил харагдаж байгаа юм. Гэхдээ тус компанийн нийлүүлсэн гээд байгаа уурхайн туслах машин, механизмын хэдэн хувь нь шаардлага хангаагүй байсан бэ гэдгийг хуулийнхан эцэслэн шалгаж тогтоох юм.

 

Д.ДОРЖ