Хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн их ашиг олдог компаниудын тоонд яахын аргагүй “Мобиком” гэх гадны эзэнтэй хөрөнгөлөг компани орох биз.
Нөгөө талаар хамгийн ашигч, хэрэглэгчдээ шулж байдаг, луйврын аргаар бизнесээ цэцэглүүлсэн газар гэвэл бас л “Мобиком”-ыг нэрлэх нь хүн олон байна.
 
Тиймээс ч сүүлийн хэдэн  жил “Мобиком”ыг шүүмжлэх, булхайг нь илчлэх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа. Тэр дундаа манай урлаг соёлынхон ч дууг нь үнэгүй ашиглаж байгаад бухимдаж эхнээсээ нэгдэж эхэлсэн гэдгийг бид дуулгаж байсан. “Мобиком”-той эцсээ хүртэл заргалдана гэсэн хоёр дуучин байгаа ч тэдэнтэй нэгдэх урлагийнхны тоо нэмэгдсээр. Урлагийн хүний оюунаас гарч байгаа уран бүтээл гэдэг ямар их үнэ цэнэтэй зүйл билээ дээ. Гэтэл “Мобиком”-ынхон яг л өөрсдийн бүтээлийг ашиглаж буй мэт дураараа авирлаж өчнөөн саяаар нь ашиг олсон байдаг. Тухайлбал, МУГЖ С.Жавхлангаас л гэхэд 270 орчим сая төгрөгний ашиг олсон байгааг тэрбээр онцолж байсан. Хамгийн гол нь С.Жавхлангаар дамжуулж энэ их мөнгийг иргэдийн халааснаас гаргуулж олсон гэдэг нь ойлгомжтой юм.
 
Тэгвэл Ноён Бондгор, С.Жавхлан дуучид дээр дахин нэг дуучин нэмэгдэж "Мобиком"-д зарга мэдүүлэхээр болсон байна. Тодруулбал, "Уяхан замбуутивийн наран” дуугаараа хүн зоноо уярааж, уртын дууны шуранхайг тал нутгийн тэнгэр дор эгшиглүүлсэн уртын дуучин Н.Норовбанзад агсанг Монголын ард түмэн андахгүй. Тэгвэл Ардын жүжигчин Н.Норовбанзад агсангийн уран бүтээлийг хүртэл "Мобиком" өөрсдийн ашиг олох хэрэгслээ болгосонд "Норовбанзад сан"-гийнхан маань ихэд бухимдаж тухайн компанид зарга мэдүүлж яваа аж. Улмаар "Мобиком"-ын эсрэг зогсож чадсан хоёр дуучинтай нэгдэж, "Мобиком"-той тэмцэх дараагийн арга хэмжээгээ хэлэлцсэн байна.