Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн цагдаагийн байгууллагад дахин нэг хэргээр шалгагдаж  эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан  Л.Эрдэнэчимэг Эрүүгийн цагдаагийн газарт Х.Бат-Ялалтад дарамтлуулсан гэх агуулга бүхий өргөдөл өгсөн бөгөөд үүний дагуу Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа ажээ.

Х.Бат-Ялалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6-д заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.  Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх

1.Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан бөгөөд хүндрүүлэх нөхцөлтэй бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хэмээн заасан байна.

Энэ хэргээс гадна Х.Бат-Ялалтыг Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулгын үхлийн хэрэгт буруутган шалгаж байгаа. Тодруулбал, талийгаач цагдаагийн ар гэрийнхний өргөдлөөр Х.Бат-Ялалтад Эрүүгийн хуулийн 21.8, 21.9-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Эрүүгийн хуулийн 21.8 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх: Хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй хүн хуульчийн мэргэжлийн нэрийг ашигласан, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

21.9 дүгээр зүйл.Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах: Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн, мөрдөн шалгах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олон нийтэд задруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж тус тус заасан байна.

Бид энэ хэргүүдийн талаар эргэж мэдээлэх болно.