2019 оны 3 сарын 6-нд УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоосон билээ.

Мөн "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч гэх "Худалдаа Хөгжлийн Банк"-ы ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, тэдний үүсгэн байгуулсан жийргэвч компани болох "Монголын зэс" корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг  мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж байгаа.

Үүнээс хойш "Монголын зэс" корпораци болон Худалдаа Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга Д.Эрдэнэбилэг нар Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хандан УИХ-ын 2017 онд батлагдсан 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн Газартай хэлцэл хийх саналаа дарааллан хүргүүлсэн билээ.

 

Өөрөөр хэлбэл "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авахад зарцуулсан 400 сая ам.доллараа Монгол Улсын Засгийн Газраас "Сахал" Д.Эрдэнэбилэг тэргүүтэн буцаан авна гэсэн үг.

Харин энэ саналыг нь  Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хүлээж авахгүй байхаар хатуу шийдсэн тухай эх сурвалж өгүүлж байна.

Тиймээс ч өчигдөр Монгол Улсын Засгийн Газар хуралдаж,  ”Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь батлав. 

Харин "Худалдаа Хөгжлийн Банк" буюу түүний буй болгосон "тоглоомын компани" болох "Монголын Зэс" корпораци Олон улсын арбитрын шүүхэд хандахаар материалаа бэлэн болгосон бөгөөд одоо болж буй бүхий л Засгийн Газрын шийдвэрүүдийг нотлох баримт болгон хадгалж буй юм байна.

"Сахал" Д.Эрдэнэбилэг ба түүний байгуулсан "тоглоомын" компанийхны төлөвлөгөө бол  "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талд буцааж,  400 сая ам.доллараа авах явдал гэдэг нь тодорхой болжээ.

Э.Сүрэн

sonin.mn