Манай улсад цоожтой хаалганы цаана ямар аймшиг үйлдэгч байдаг гэдгийг хуучин социалист нийгмийн үед үзээгүй, дуулаагүй гэлцдэг. Тэгвэл тухайн үед бүх зүйлийг намын үүрийн хороогоор авч хэлэлцдэг, хатуу шийтгэл оногдуулдаг байсан болохоор эл хэрэг бараг гардаггүй байсан биз.

Тухайлбал, гэр бүлээ үймүүлж хэн нэгнээ хууран мэхэлсэн асуудал гаргахад эвлэлийн хурлаар эсвэл намын хурал дээр олны өмнө авч хэлэлцээд хатуухан шийтгэл оноочихдог байсан гэдэг. Нөгөөтэйгүүр хүмүүжил, ухамсарын асуудал сайн байсны нэг илрэл. "Хүн чанар, боловсрол... гээд социализмд сайн талууд бий. Социализмын үнэт зүйл гэвэл  хоол, цэвэр орчин гээд олон юм бий" гэж Ж.Дашдондог гуай хэлж байсан удаатай. 

Өдгөө гэр бүлээ орхин өөр бусадтай самуурах тэр бүү хэл төрсөн хүүхдээ хазаж тамлах, цаазуурдах гээд аймшигт хэргүүдийг үйлдэгч нар олшироод байгаа нь манай улсын эл төрлийн хуулийн хариуцлага сул байгаагийн шинж гэлтэй. Ардчилсан нийгэмд төрсөн хүүхдээ "минийх биш" хэмээн хээв нэг орхин одох залуус ихэссэн. Ардчилал бол чөлөөт, эрх дураараа байхын тунхаг мөн ч гэлээ. Ийм байдлаар эрх чөлөөгөө мэдрэх биш залуус минь. 

Нийгмийг цочроосон аймшигт хэргүүдийг бид мартаагүй байгаа. 2015 оны 2 сарын 21-нд төрсөн эцэг болон хойд эхийнхээ гарт хэрцгий, бусармаг үйлдлээс болоод алтан амиа алдсан. Тархины цус харвалттай, бүх бие нь хөхөрсөн байдалтай тав хоногийн турш бяцхан зүрх нь сэхээнд амьдрахын төлөө цохилж байсан билээ. 

Таван настай хүүгээ "заазуурдсан эцэг" Эрүүгийн хуулийн 181.1, 100.1 зүйл ангийн дагуу 181.3-р 6 жил, 100.1 буюу байнга тарчлаасан гэх зүйл ангиар 1.6 жил нийт 7.6 жилийн чанга дэглэмтэй хорих ялаар шийтгүүлсэн. 

2014 оны гуравдугаар сард төрсөн хүүхдүүдээ "хазаж тамласан" хэрэг гарсан. Ээжийг нь хичээлдээ явсан хойгуур төрсөн эцэг нь хоёр настай охин болон найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боож, тамлан зовоосон байдаг. Улмаар дээрх үйлдэлд хууль хяналтын байгууллагаас эрүү үүсгэн шалгаж, Эрүүгийн хуулийн 100.1 буюу байнгын тарчлаан зовоосон, 181.2.1 танхайн зүйл ангиар нийт зургаан жилийн ялыг прокурорын байгууллагаас төлөвлөн шүүхэд шилжүүлснийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх дээр иргэн Д-г 3.6 жилийн хорих ялаар шийтгэсэн. 

Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч долоо хоног дөрвөн настай хүүгээ "орондоо шээлээ" хэмээн хойд эцэг нь зодсон байдаг.

Хүүхдийн дотор эрхтэн бяцарсан хэмээн ГССҮТ-ийн эмч нар хоёр удаа хагалгаа хийж, Эх хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төвд шилжүүлсэн байгаа. Эдгээр аймшигт хэргүүд үүгээр дуусахгүй ээ.

 

Насанд хүрсэн эрс бяцхан үрсийн амьдрал "хар толбо" үлдээсээр байна. Тухайлбал, өнгөрөгч оны есдүгээр сарын байдлаар 13 хүртэлх насны 79 хүүхэд хүчингийн хэргийн хохирогч болсон. Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 54 орчим хувь нь архины хамааралтай, эрхэлсэн тодорхой ажилгүй этгээдүүд байна. Үүнээс 59 холбогдогч ойр дотны болон танил хүмүүс хүчингийн гэмт хэргийн холбогдогч болсон. Задлаад үзвэл үл таних хүн 8, эцэг эхийн найз 1, төрсөн эцэг 3, хойд эцэг 9, хүргэн ах 2, төрсөн ах 2, авга ах 2, нагац ах 4, өвөө 2, зүс таних хүн 26 гээд ихэвчлэн ураг төрлийн буюу гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байна. Тэгвэл 2019 оны эхний хоёрдугаар сард 4-17 насны 69 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. 

Энэ мэтчилэн хүчирхийлэгчдийн тоо, үйлдсэн хэргүүд үл тасарна. Бичиж, тэмдэглэхэд хүртэл зүрх дэлсгэх энэ тоо барим манай эрх баригчдын хараанд өртмөөр л юм. Гэвч тэд "дүлий дөмбө оргиж" өнөөдрийг хүртэл хүүхдийг хамгаалах хуулийг чангатгах талаар дуугарахгүй байсаар. Би бага байхдаа өвөрмонголын нэгэн телевиз дээр гэр бүлээ хууран мэхэлсэн этгээдийг "доод эрхтнийг нь хайчил"-даг кино үзэж байснаа одоо ч тод санаж байна. Гэр бүлийнхээ "хайр" бэлэглэгч болж төрчихөөд "доодохоо захирч" чадахгүй арчаагүй тамлагчдын золиос болох гэж үү.

Тэднийг бүх насаар нь хатуу гянданд хорьж шийтгэх хуулийн заалт хэрэгтэй байна. Түүнчлэн гэмт хэрэг хийсэн этгээдийн "нүүр царай"-г олон нийтэд дэлгэж болохгүй гэсэн хуулийн заалтаа өөрчилж олон нийтэд тэдний дүр төрхийг дэлгэж байя. Ингэхээр хүний эрх яриад эхлэх нь ойлгомжтой. Тэгвэл тэд бяцхан үрсийн эрхийг яагаад бодолцох байгаа юм. Тэд ч бас хүн шүү дээ эрх баригчид аа. 

Х.Даваа