Гэмт хэрэг гэж юу вэ... Энэ тухай тодорхойлолт болоод Эрүүгийн хуулийн зүйл заалтыг харах нь ээ “Гэмт хэрэг нь хүний идэвхтэй (үйлдэл) буюу идэвхгүй (эс үйлдэл) зан үйлээр дамжин илэрдэг. Үйлдэл хийх гэдэг нь хүний идэвхитэй байдал, үйл хөдлөлөөр илэрхийлэгдэнэ” гэсэн өгүүлбэр бий.

Уг тодорхойлолтыг дотор нь задалбал “Эс үйлдэл нь тухайн хүн тодорхой нөхцөлд өөрийн хийх ёстой байсан буюу гүйцэтгэх үүрэгтэй байсан үйлдлийг хийгээгүйгээс нийгэмд аюултай хор уршиг бий болгоно” хэмээсэн байх бөгөөд “Манаач Даш ажлын байрандаа унтсаны улмаас хүний машины дугуйг хулгайд алджээ” гэдэг жишээгээр эс үйлдлийг тайлбарласан байх юм. Учир нь, цастай, бороотой, өдөр, шөнө байхын алинд нь ч унтаж зүүрмэглэх нь бүү хэл нүдээ ч анивчих эрхгүй ажиллах ёстой манаач Даш ажлын байран дээрээ унтсанаар буюу эс үйлдэл үзүүлснээрээ буруудна гэсэн үг. 

Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн тухайд ОХУ-ын “Ростех” компанийн эзэмшилд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпорацыг худалдаж авсан тэртээ өдрүүдэд юу хийж байсан бэ.

 

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүний хувиар ОХУ-ын Засгийн газарт хандаж, тайлбар, хариу хүссэн үү. “Ростех” компанийн удирдлагуудтай Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамаар дамжуулж холбогдох оролдлого хийсэн үү...

Харамсалтай нь, энэ бүх асуултын хариулт “Хийгээгүй. Оролдоогүй” гэдгээр тайлбарлагдах бөгөөд гагцхүү “Монголын зэс” корпорацаас л ОХУ-ын талаас тайлбар өгүүл, бичиг авчир гэж нэхээд сууж байсан байх юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр эрх мэдлийнхээ хүрээнд өөрийн зүгээс ямар нэгэн санаачилга гаргаж, үйлдэл хийгээгүй гэдэг нь түүний өөрийнх нь удаа дараагийн тайлбар болон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахтай холбоотой Засгийн газрын хуралдааны протколоос харагдана.

Жишээ 1: Энэ сарын 12-ны өдөр “Улаан бал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Монголын талын компанийн төлөөлөл нь хүрч ирээд “Бид нар Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчрах нөхцөл бүрдчихлээ. Засгийн газар энэ шийдвэрийг дэмжиж өгөөч ээ” гэсэн. Би тэр үед “Яагаад Засгийн газар давуу эрхээсээ татгалзах ёстой юм бэ гэдэг зүйлийг, яагаад Засгийн газар авч болохгүй юм бэ” гэдгийг асуусан. Тэгэхэд “Бид нар үүнийгээ батална. Бид нарыг ав гээд байгаа юм” гээд захиа авчирч өгсөн. Захианд нь Монголын Засгийн газрыг оруулаад ямар ч орны Засгийн газар, ямар ч төрийн өмчийн болон бусад компанийг оролцуулаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарах яриа хэлэлцээр хийж байгаагүй. Цаашид ч хийхгүй. Харин санаа таарсан аятайхан хүмүүстэй таарсан учраас энэ хүмүүстэйгээ яриа хэлэлцээр хийнэ гэж байсан” хэмээн ярьсан.

Жишээ 2: “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдаан дээр ч тэрбээр дээрхийн нэгэн адил “Засгийн газрын тогтоол гарсны дараа та нар очиж хэлэлцээр хийнэ гэж би ойлгосон. Тэр хэлэлцээр дээрээ яг Оросын Засгийн газрын байр суурийг нь баталсан ямар нэгэн хурлын протокол, шийдвэр, аль нэг зүйлийг бид нарт үзүүлэх ёстой. Тэр нь юу гэхээр одоо та нартай ярьж байгаа энэ нөхцөлөөс ямарваа нэг өөр нөхцөлөөр хийгдэх тохиолдолд энэ делл болохгүй ээ. Оросын Засгийн газрын дэмжихгүй гэдэг энэ зүйлийг нь баталсан юмаа бид нарт авчирч үзүүл. Би яагаад үүнийг нэхээд байгаа гэхээр зэрэг энэ нь бид нарын Засгийн газар өөрийнхөө давуу эрхээс татгалзсан гол нөхцөл болох юм. Энэ хэлэлцээрийн багийг Оросын тал аваад бид нартай ингээд албан ёсоор хийх нөхцөлөөс өөрөөр бид нар хийгдэхгүй гэдгээ бид нарт баталсан ямар нэгэн үзүүлэх юм бол энэ хоёрдугаар заалтынхаа дагуу бид нар албан ёсоор давуу эрхээсээ Засгийн газар татгалзаад явчихна гэсэн үг” хэмээсэн байдаг. Мэдээж энэ бол хоёр л жишээ. Шүүж үзэхэд дээрх агуулга бүхий Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн нэг утгатай олноос олон тайлбар бий. Тэр болгонд “Монголын зэс” корпорацынхнаас ОХУ-ын Засгийн газрын байр суурийг, “Ростех” компанийн шийдвэрийн тайлбарыг нэхэхээс өөрийг хийгээгүй гэдэг нь нотлогдоно. Нэг ёсны “Эрдэнэт-ийн 49 хувийг худалдаж авах сонирхолтой тэр хүмүүсээс нь нотолгоо, тайлбар нэхэж, тэр дагууд нь О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хүсээд байсан бичгийг ОХУ-аас, “Ростех”- ээс авчирсан байх жишээний. Нэг ёсны Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн эс үйлдэл нь өөрөө “Монголын зэс” корпорацыг улаан гэрлээр гарч “Эрдэнэт”-ийн 49 хувийг авах нөхцөлийг бүрдүүлсэн үү гэдэгт өнөөдөр хариулт нэхмээр байна.

Тэр дундаа, Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт 1994 онд ОХУ-ын Засгийн газрыг “Зарубежцветмет” нэгдэлд “Эрдэнэт”-ийн 49 хувийг шилжүүлсэн шийдвэрийг 1999 онд буюу бүхэл бүтэн таван жилийн дараа дэмжиж буй утгатай захидал илгээснийхээ төлөө огцорч байсан түүхтэй. Огцруулах шийдвэр УИХаас гарч, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь бие даан “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарах, шилжүүлэх тухай асуудалд хууль тогтоох засаглалдаа мэдэгдэж, хэлэлцүүлэхгүйгээр байр суурь илэрхийлж болохгүй гэж үзээд олонхийн саналаар дэмжигдсэн. Гэтэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийнх нь кабинетэд Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханы “УИХ-д танилцуулахаар байдаг юм уу, эсвэл УИХ-д оруулж гэрээгээ хүчингүй болгох асуудлыг оруулахгүй бол боломжгүй. Тэгэхдээ үүнийг Оросын холбооны улсын Засгийн газартай нэгэн зэрэг тохиролцож, Засгийн газрын түвшинд тохиролцож гэрээгээ хүчингүй болгох асуудлыг шийдэхгүйгээр компани хоорондоо хоёр улсын Засгийн газар хоорондын асуудлыг шийдчихэж болохгүй гэж бодож байна. Тэрийг анхааралдаа аваач гэж, нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал, энэ асуудал нууцаар яваад байх нь зохимжтой биш байна” гэж хэлсээр байтал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “УИХ долдугаар сард цуглах нь уу, сонгуулийн дараа, эсвэл намар хуралдах эхний үед нь Засгийн газраас бид нар орж танилцуулна. Хэлэлцүүлэх биш танилцуулна. Яагаад гэхээр зэрэг УИХ нэгдүгээрт сонгуультай байсан. Хуралдах боломжгүй” гэсэн үг хэлээд Засгийн газрын хуралдааныг өндөрлүүлсэн байх юм. Нэг ёсны тэрбээр “Хоёр улсын Засгийн газар хоорондын асуудлыг компани хоорондоо ярилцаад шийдчихэж болохгүй” гэсэн М.Энхсайхан сайдын үгэнд ач холбогдол өгөхгүй үнэгүйдүүлж, тойрч гүйсээр зөвхөн “Монголын зэс” корпорацынхнаас танин мэдэхүйн асуулт асуух, ОХУ-ын Засгийн газар, “Ростех”-ийн байр суурийг нэхсээр хуралдаанаа дуусгаж. Товчхондоо энэ бол эс үйлдэл. Тэр дундаа, компанийн тайлбарт итгэж, компанийн удирдлагуудын үгээр ажил хийдэг Ерөнхий сайдтай байжээ гэж бодохоор энэ бол яавч зөвтгөх үйлдэл биш юм. Нэг ёсны манаач Даш шөнө унтаж байгаад машины дугуй алдсаны нэгэн адил Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газар хооронд өрнөх ёстой яриа, хэлэлцээ, ойлголцлыг “Монголын зэс” компанийн тайлбараар орлуулснаараа бодит дэмжлэг үзүүлсэн гэдэг нь нотлогдож буй хэрэг. Засгийн газрын байр суурийг компанийн захирлаас асууж, сурагладаг Ерөнхий сайд байна ч гэж юу байхав дээ, ер нь бол.

 

Г.Отгонжаргал

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин