Өнөөдөр Монгол улсад Прокурор, Шүүх, АТГ-ын удирдлагууд нь авлигажсан, эрх дархаа хэтрүүлсэн, улстөрчидтэй холбоотой хэргүүдийг нуун дарагдуулж шалгаж буй нэрийдлээр замхаруулдаг явдал “хуйвалдааны тогтолцоо” болтлоо өндрөө авсан гэдэг нь нотлогдсоор байна. Өөрөөр хэлбэл Монголд  хууль ёс биш авлига, албан тушаал ноёлдог болсон бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчид, АТГ-ын дарга нар, Прокуроруудыг хэдхэн хүн удирдан залдаг нь тодорхой болжээ. 

Авлигажсан шүүгч нарыг, АТГ-ын удирдлагууд, прокуроруудыг хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцүүлэхээр УАБЗ нь зөвлөмж гаргаж, Ерөнхийлөгч дахин хууль санаачилж өргөн барьлаа. Гэтэл МАНАН-г цээжээрээ хамгаалдаг гишүүд, АН-ынхан нийлж эсэргүүцэн авлигачдаа дэмжиж улайран, амь тэмцэж эхэлж байна. 

 

С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхны шөнө дөлийг үл умартан ахин дахин бахирч буйгаас харахад Монголд эдийн засгийн хямрал биш шударга ёсны хямрал нүүрлэсэн нь дахин нотлогдлоо. Хууль хэрэгжүүлдэггүй, авлигад орооцолдсон, албан тушаалтныг хаацайлдаг прокурор, шүүгч нараас салах гэхээр амь тэмцэн босч буй С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат тэргүүтэй АН-ын хууль бусаар хөрөнгөсөн лидерүүд аавын хаалга татах учир тэр үү... 

Эгэл жирийн ардаа эрүүдэн шүүж, хэлсээр ялтан болгож хохироодог, хэргийг нь тэр дор нь шийдвэрлэж хууль дага гэдэг атлаа улстөрчдийн, авилгачдын хэргийг нуун дарагдуулдаг, шалгаж буй нэрээр хугацаа хожиж замхаруулдаг тактик нь нуран унах учир тэд ийнхүү эсэргүүцэл үзүүлж сууна. 

Үндсэндээ бол АН-ын удирдлагууд тэргүүтэй нэр бүхий улстөрчдийн өөрсдөд нь хамаарах хэргүүдийг сөхвөл тэд хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө мөнгө шамшигдуулсан нь нотлогдож, ялтан болно гэдэгтэй маргах аргагүй. Тодруулбал С.Эрдэнэ нийгмийн даатгалын сангаас хэдэн тэрбумаар нь завшсан хэргээр, Д.Эрдэнэбат Эрдэнэтийн 49 хувьд хамсаатан бас бус хэргээр, Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нар гэр хорооллын ахин төлөвлөлтөөс хэдэн тэрбумаар нь мөнгө зувчуулсан хэргээр,  С.Баярцогт оффшор дансан дах хэдэн сая долларын гүйлгээний эх үүсвэрийн асуудал мөн Оюутолгойн гэрээгээр, Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувийн хэргээр, Ц.Элбэгдорж тоймгүй олон хэргүүдээрээ мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдох төдийгүй С.Зоригийн хэрэгт ч холбоо хамсаатай байж мэдэх тул АН-ынхан ийнхүү цээжээрээ хамгаалан бахирч байгаа бололтой. Ардчилсан нам ардчилсан биш, хууль шүүхийн хэдэн дарга нарын ард нуугдан хулгайгаа хаацайлдаг хэдэн гэмт хэрэгтнүүдийн нам болж хувирчээ. Уул нь энэ намд шударга үнэний төлөө дуугарах олон мянган гишүүд дэмжигчид бий юмсан.  

 

Бодит байдал дээр өнөөдөр Монгол улс АН-ынхны цээжээрээ хамгаалаад буй авлилгажсан шүүх, прокурор, АТГ-уудын удирдлагуудын уршгаар газрын доорх бүх баялагуудаа хулгайд алдсан, хүн ам нь тэр чигтээ ядуурсан “хуйвалдааны тогтолцоо”-д дарлуулж байна. Эдгээр шударга бус шүүх, АТГ, Прокурорын байгууллагын удирдлагуудыг Ц.Элбэгдорж томилуулсан юм. Тиймдээ ч тэр Эрдэнэтийн 49 хувийг УИХ-н чуулган дээр улайм цайм хамгаалж байсан шигээ, өөрийнхөө томилсон хуулийн байгууллагынхныгаа цээжээрээ хамгаалан хэвлэлийн хурал хийж байна.

Иймээс л хууль шүүхийн байгууллагуудыг шударга ёсны төлөө ажиллуулахын төлөө, Монголд шударга ёсыг тогтоохын төлөө, хууль бусаар мөнгө угааж хөрөнгөжсөн улстөрчдийг жирийн иргэнтэй адил шүүн тасалдаг тогтолцоог бий болгохоор хуулийн төсөл хэлэлцүүлэх гарц гаргалгаа явж  байгаа гэдэгт итгэлтэй байна. 

 

 

Э.Сондор

www.Sonin.mn