Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал Б.Эрдэ­нэтуяа гэдэг монгол бүсгүйтэй амьдралаа холбоод нэлээдгүй хэдэн жил болж байгаа билээ. Хосууд хүүтэй болж, амьдралдаа баярлаж яваа.

Адал явдалт, тулаантай киноны дэлхийн шилдэг жүжигч­дээр Брюс Ли, Арнольд Швар­ценеггер, Силь­вестр Сталлоне, Брюс Уиллис, Стивен Сигал, Ван Дамм, Жет Ли нарыг зүй ёсоор нэрлэдэг. Сигал кендогийн хар бүстэй, тулааны мастераас гадна буддын ша­шин­тан, Ренбүүчи хүн. Тэрбээр 2001 онд Монголд анх хөл тавьж "Чингэс хааны тухай кино хийнэ, миний судсаар монгол цус гүйж байгаа" хэмээн ярьж бид­ний анхаарлыг татаж чадсан. Хийх гэж байгаа тэр киноныхоо хатдын дүрийг сонгох гэж Монголд ирлээ гээдэхсэн чинь Монголын аль л хацар гоо охид, загвар өмсөгчид түүний нүдэнд өртөх гэж хэрэндээ л мэрийцгээсэн гэдэг. Гэтэл Холли­вудын одын нүдэнд Монголын бүжигчин бүсгүй Б.Эрдэнэтуяа тусчээ. Б.Эрдэнэтуяа Сигалийг Монголд байх хугацаанд хамаг ажлыг нь чадварлаг зохион бай­гуулж, олон хүний хийх ажлыг ганцаараа шаламгай амжуулж, эргэн тойрныхоо хүмүүсийг алмай­руулж байсан гэдэг. Энэ чанар нь Сигалд таалагдаж Б.Эрдэнэтуяад өөрийнхөө нарийн бичиг, тусла­хаар ажиллахыг санал болгож, улмаар нутаг руугаа дагуулан явсан хэмээдэг юм. Тэд эхлээд ажил хэргийн шугамаар харьцаж байсан ч удалгүй бие биедээ дасан хайр сэтгэлтэй болж нэг гэрт орсон. Сүүлийн үед Б.Эрдэнэтуяа цахим хуудсаар монголчуудтайгаа хамт байх болсон. Тэрбээр өөрийн үзэл бодлоо шүлэглэн бусдад хуваалцдаг. Гэр бүлийн аз жаргалын тухай, та айл гэрийн хаалгыг тогшиж баахан зогсолгүй, толгойгоо маажиж ичилгүй, тохуурхаж нэгэнтээ гайхуулалгүй, тонгочиж бас будилалгүй, шууд дайран ороод, шулганасан үрсийг нь мишээлгээд, хоймор эзэгнэн тухлаад, хос зүрхийг уяраагаад, хотлыг баясгаж байгтун, хорыг арилгаж байгтун, хайрыг бялхааж байгтун, халамжийг халгиаж байгтун! 
Айл бүхний хоймор та дээшээ заларчих
Ажлаа умартаад бүр тухтай морилчих
Алтан тулганд нь гал болоод үлдчих 
Алаг зүрхэнд нь хайр болоод шигдчих ээ!" хэмээн олонд хүргэсэн. Монголын гоо бүсгүйчүүдийн тоонд багтдаг бүжигчин бүсгүй дэлхийд монгол дээлээрээ өнөөдрийг хүртэл таниулж, гоёж яваа нэгэн. 


О.Ариун