Улс оронд нэлээдгүй олон үйл явдал болж өнгөрлөө. Улсыг өрөнд оруулсан улс төрчид төлсөн хэмээн ам бардамнасан үйл явдал болов.

 "Стандарт банк"-ны 40 сая ам.долларыг хүү торгуульгүйгээр төлж барагдууллаа

Шадар сайд Ө.Энхтүвшин, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар "Стандарт банк"-ны асуудлаар мэдээлэл хийв.  Ө.Энхтүвшин "Анх Жаст группийн Ерөнхий захирал Ш.Батхүү Өмнөд африкийн Стандарт банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэл нийт 160.1 сая долларыг авсан байдаг юм. Үүнийгээ хугацаандаа төлөөгүй учраас Стандарт банк 2013 оны долдугаар сард Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхэд хандсан байдаг билээ. Ингээд Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүх нийт 4 удаа хуралдсан.

Стандарт банк Эрдэнэт үйлдвэрээс 86.95 сая ам.долларыг нэхэмжилсэн. Яагаад Эрдэнэт үйлдвэрээс нэхэмжилсэн бэ гэхээр Эрдэнэт үйлдвэр нь батлан даагчаар оролцсон гэж хэлсэн учир шүүх түүнийг баталгаажуулсан байна. "Жаст"-ын Ш.Батхүү би бүх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэж зөндөө ярьсан ч шүүх түүнийг нь хүлээж аваагүй. Ингээд Арбитрын шүүхээс 51 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэр төл гэсэн шийдвэр гаргасан. Английн шүүхэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах эрхээ олж авахын тулд 51 сая ам.долларыг Стандарт банкинд байрлуулсан байх ёстой юм билээ. Гэвч тухайн үед энэ мөнгийг төлөх боломж байгаагүй. 

Гэтэл Стандарт банк Английн улсын дээд шүүхэд төлбөрөө хурдан төлүүлмээр байна гэж гомдол гаргасан байгаа юм. Дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Ингэхдээ бүр хатуу шийдвэр гаргасан. Нэгэнт эцсийн шийдвэр учраас төлөхөөс аргагүй байдалд хүрч, Ерөнхий сайдын захирамжаар 2018 оны наймдугаар сард Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Бид хэд хэдэн удаа хуралдаад төлөхгүй бол ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдгийг судаллаа. 

Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрт төлөх төлбөрийн гүйлгээг царцаах. 

Хоёрдугаарт, Стандарт банкны өр төлбөрийн асуудлыг даруй шийдэхгүй бол гуравдах этгээдүүдийн хөрөнгийг зарах 

Гуравдугаарт, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудыг гадагш, дотогш гаргахгүй байх. Гадна талд байгаа хөрөнгүүдийг хурааж авах асуудал, эрсдэлүүд байсан. 

Ингээд төлөх нь зүйтэй гэсэн шийдвэрийг ажлын хэсэг гаргасан. Улмаар Стандарт банктай гэрээ хэлцэл, яриа хийсний эцэст 40 сая ам.долларыг хүү торгуульгүйгээр төлөхөөр тогтсон. Улмаар Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргаж, шилжүүлсэн. Нөгөө талаас хүлээж авлаа гэсэн бичиг ирүүлсэн байна. Одоо ингээд гадна талдаа асуудлаа шийдлээ. Одоо дотооддоо ажиллаж, хууль хяналтын байгууллага буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой. 

Мөн хаврын жагсаал, цуглааны залгамжийг АН залгуулав. Ардчилсан намын "Онц их хуралдай" эсэргүүцлийн жагсаал өнгөрөгч баасан гаригт Сүхбаатарын талбайд болов. Ардчилсан намын удирдлагууд Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монгол ардын намын бодлогыг эсэргүүцэн жагсаж буйгаа мэдэгдсэн юм. Тэд дараах асуудлуудад дуу хоолойгоо нэгтгэлээ. Тухайлбал, ШХАБ-т элсэх асуудал, ЖДҮХС-ийн зээл, 60 тэрбум, үнийн өсөлт, татварын дарамт зэрэг сүүлийн үед нийгэм, улс төрд үүсээд буй хямралыг эсэргүүцсэн жагсжээ. Түүнчлэн АН-ын бүлгээс чуулганы нээлтийн дараа эрх баригчдад таван зүйлийг багтаасан шаардлагыг хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм.

Уг жагсаалын индер дээрээс АН-ын дэд дарга Р.Амаржаргал "АН УИХ тарах нь зүйтэй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан байгаа. Өнөөгийн УИХ Монгол Улсын төрийн дээд байгууллагыг төлөөлөн ажиллах ямар ч чадваргүй болсон гэсэн дүгнэлтийг хийсэн. 60 тэрбумаар дүүрсэн УИХ Монгол Улсын эцэг хуулинд халдах гэж байна. Энэ огт байж болохгүй зүйл. ЖДҮ-ийн зээлийг булааж авсан хүмүүс Монгол Улсын Үндсэн хуулинд халдах гэж байна. Ийм зүйл байж болохгүй. Бид УИХ-аас ихийг шаарддаг. Гэтэл хулгай хийж, ард түмний авах зүйлийг дээрэмддэг хүмүүс төрийн эрх барих байгууллага болчихоод Үндсэн хуулинд халдана гээд ичихгүй яриад сууж байна. Үүнийг бид эсэргүүцэж цугласан" гэсэн юм. Энэхүү жагсаалд хөдөө орон нутгаас ирсэн тус намын дэмжигчид болоод нийслэл хотын иргэд оролцов.

Нийгэмд С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай дуулиан намжаагүй байна. Ц.Амгаланбаатар: Захиалагч Э.Бат-Үүл, нуун далдлагч Б.Булган, зуучлагч Ганхуяг хэмээв. Энэ тухай энд дарж дэлгэрэнгүй унших боломжтой. 

Түүнчлэн Цахим луйварчид өсвөр насны хүүхдүүдийн хаяг ашиглаж байна, эцэг эхчүүдээ хүүхдийнхээ цахим хэрэглээг хянахыг сэрэмжлүүлсэн мэдээллийг эндээс уншина уу.

Эдийн засаг: Манай улсын эдийн засаг өсөж өндийж байгаа зүйл өнгөрөгч гуравдугаар сард харагдсангүй. Харин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үзүүлэлттэй гарав. 

2019 оны 3-р сарын 27-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.3 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.8 хувиар өссөн байна.Тухайлбал, махны дундаж үнэ  хонины ястай махны үнэ өмнөх сараас 14.3 хувь, үхрийн ястай махны үнэ 7.1 хувь, үхрийн цул махны үнэ 5.0 хувь, ямааны ястай махны үнэ 7.3 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, нэг килограмм үхрийн /ястай/ мах 9534 төгрөг, үхрийн цул мах 11614 төгрөгөөр худалдаагдсан юм. Харин хонины /ястай/ мах дунджаар 8368 төгрөг, үхрийн /ястай/ мах 9534 төгрөг, үхрийн цул мах 11614 төгрөг, адууны /ястай/  мах 6745 төгрөг, ямааны /ястай/ мах 6399 төгрөгийн үнэтэй байв.

Тэгвэл бидний гол хэрэглээний нэг болох нэгдүгээр зэргийн гурилын үнэ  0.3 хувиар өссөн, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 5.0 хувь өмнөх 7 хоногоос 4.3 хувиар өссөн байна. Төмс, хүнсний ногооны дундаж үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 5.0 хувь, луувангийн үнэ 12.2 хувь, байцааны үнэ 10.5 хувь, хүрэн манжингийн үнэ 13.1 хувь, бөөрөнхий сонгины үнэ 5.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.  Өмнөх 7 хоногоос төмсний үнэ 2.2 хувь, байцааны үнэ 0.2 хувь, хүрэн манжингийн үнэ 2.6 хувиар өссөн бол лууван болон бөөрөнхий сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Мөн ургамлын тосны үнэ өссөн байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ долоо хоног тутам нэмэгдэх нь иргэдийн худалдан авалт буурахад хүргэдэг гэх. Гэхдээ бид хоол ундгүй амьдарч үл чадна. Тэгвэл бид эдийн засгийн хямралтай энэ цаг дор дэлхийн өндөр зэрэглэлийн хоттой адил үнэтэй хүнсээр худалдаж авдаг гэдгийг "Economist Intelligence” судалгааны байгууллагаас гаргажээ. Тодруулбал, Тус судалгааны байгууллагаа дэлхийн хотуудын амьдрах өртгийг судлан эрэмблэсэн байна. Энэхүү судалгаанд манай Нийслэл хотын хувьд амьдрах өртгөөрөө Ази тивдээ 55-д, дэлхийд 349-т бичигджээ. Манай улсын үзвэр үйлчилгээ, хоолны үнэ Япон, Сингапур зэрэг дэлхийн хамгийн үнэтэй хотуудынхтай ижил өндөр үнээр зарагддаг гэнэ. Тэгвэл хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ Нью-Йорк хотынхтой адил, зарим нь түүнээс ч үнэтэй байгаа талаар тус эдийн засаг, хэмжил зүйн судалгаанд онцлов. 

Спортын түүхийн хуудаснаа шинэ рекордыг бичсэн 85 настай Ц.Раднаа эх орондоо ирж, түмэн олныхоо омогшлыг төрүүлэв.  Польшийн Торун хотод болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар бид цаг алдалгүй хүргэж байсан билээ. Тэгвэл өнөөдөр Дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, гурван алтан медалийн эзэн болсон Ц.Раднаа эхэ орондоо ирсэн юм. Түүнийг  гэр бүлийнхэн болон шавь нар нь тосон авав.

Тэрбээр "Монголын ард түмэн, төр засагтаа баярлалаа. Намайг угтаж авсанд би маш их баярлаж байна. Сэтгэл их хөөрч байна" гэлээ.  Ц.Раднаа биеийн тамирын багш мэргэжилтэй бөгөөд 30 гаруй жил спортоор хичээллэж байгаа юм.

Монголын соёл урлагт шинэ содон үйл явдал болох нь ээ. Тодруулбал, Монгол Улсаас анх удаа “Азийн шилдэг дуучин”-д нэр дэвшин өрсөлдөхөөр болжээ. БНСУ-ын нийслэл Сөүл хотноо жил бүр зохион байгуулагддаг соёл, урлагийн томоохон наадам болох “LBMA STAR AWARDS”-д энэ жил Монгол Улсаас анх удаа “ASIAN TOP SINGER” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхийг дуучин Г.Мөнхбаяр буюу Becky авсан байна.

Солонгос Улс нь энтертайнмент, шоу бизнесийн салбарт Азидаа тэргүүлэгч улс төдийгүй тус наадамд “K POP” одууд болох “G.O.D” хамтлаг, “Big Bang”-ын “G Dragon” зэрэг Солонгосын болон Азийн бусад орны супер одууд оролцох ажээ. Энэ удаагийн наадамд Хятад, Япон, Тайван, Хонг Конг зэрэг нийт Азийн 15 гаруй улс өрсөлдөн оролцож байгаагаар онцлог бөгөөд орчин үеийн хөгжмийн урсгалаар Монгол Улсаас анх удаа ийнхүү шилдэг дуучны төлөө нэр дэвшин оролцож байгаа нь томоохон нэр хүндийн хэрэг юм.

    Дуучин Г.Мөнхбаяр буюу Becky нь англи, орос хэлээр чөлөөтэй ярьдаг, боловсрол болон дуулах ур чадвар өндөртэйд тооцогддог учир ийнхүү Солонгосын продюссерүүд түүнийг онцлон тус наадамд нэр дэвшин өрсөлдөх боломж олгож байгаа ба хэрэв шагналын ялагчаар тодорч “Аsian Top Singer”-р шалгарвал Солонгосын энтертайнментуудтай хамтарч ажиллах гэрээ хүртэл яригдах ажээ. Мөн манай улсын орчин үеийн хөгжмийн урсгалын түүхэнд анх удаа “Азийн шилдэг дуучин”-тай болж олон улсад эх орноо сурталчилах томоохон нэр хүндтэй үйл явдал болох юм. Тус наадам нь 4-р сарын 8-15-ны хооронд БНСУ-н Сөүл хотноо зохион байгуулагдах ажээ.