Видео санд байршсан кино, концертуудаас үзэгчдийн хамгийн олон үзсэн видеогоор “Зүрхэн аялгуу” кино концерт тодорчээ. 60-70-аад оны дуунуудыг орчин үеийн хэмнэлд тохируулан өөрчилсөн энэхүү концерт олон хүний сэтгэлийг булаасанд гайхах юм алга.

Ховдын сүлд дуу гэгддэг “Тунгалаг Буянт”, олон хүний залуу насыг эргэн авчрах мэт болсон “Нэг л мэдэхэд уулзана даа”, “Дэнжийн ногоо” зэрэг уран бүтээлүүд найруулга төгс болсныг нуух юу.

   Цэнхэр дэлгэцээр ойрд харагдаагүй МУГЖ Д.Хоролсүрэн гуай энэхүү кино концертод оролцсон нь олон хүнд сонин сайхан санагдсан гэнэ. СГЗ Ж.Бадраа агсны гэргий Х.Бадарч оролцож сэтгэлийн сайхан яриа өрнүүлсэн нь магадгүй анхны удаа биз ээ. Ялангуяа 50-60-аад оны үзэгчид “Дурсамж сэргэж, огшоож, залуу насандаа эргээд очсон юм шиг боллоо” хэмээн Sweetymotion хамтлагт сэтгэлийн үгээ хэлж байгаа нь үүний баталгаа гэлтэй. Тэдний дурсамж юуг нь сэргээж, насан багын цаг үедээ эргэн очиж, аялаж байсан дуугаа эргээд нэг сонсоход сайхан санагдах нь гарцаагүй.

Sweetymotion хамтлагийнхан энэхүү кино концертоо ирэх сард цомог болгон гаргах бөгөөд намраас тоглолтын ажилдаа ханцуй шамлан орох болсноо дуулгалаа.