Цагдаагийн ерөнхий газар өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс нэг сарын хугацаатай Нэг хором аяныг өрнүүлсэн билээ. Сарын хугацаанд өрнүүлсэн аян үр дүнгээ өгч уураа тэвчээгүйгээс болж бусдын биед халдаж, гэмтэл учруулсан гэмт хэрэг 20 орчим хувиар буурсан байна. Энэ талаар цагдаагийн ерөнхий газрын харьяа Хэрэг бүртгэх албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч М.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Нэг хором аяныг улс орон даяар өрнүүлэх болсон гол шалтгаан юу вэ?

-Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт зааснаар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Энэ гэмт хэргийг судалж үзэхэд сүүлийн таван жилийн судалгаагаар нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 30 орчим хувийг эзэлж байсан. Харин 54 хувийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болох нь тодорхой болсон. Энэ төрлийн гэмт хэргийг 18-39 насны залуучууд үйлддэг. 2018 оны статистик мэдээгээр энэ төрлийн гэмт хэргийн 88.6 хувийг “Бусдын биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг эзэлж, цагдаагийн байгууллагаас шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс маргалдан зодолдох, уур бухимдлаа хүчээр шийдэх, гэр бүл дэх тэгш бус харилцаа, иргэдийн гэмт хэрэг, зөрчлөөс үүдэн гарах хор уршиг, оногдуулах ял шийтгэлийн талаарх эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нийтлэг шалтгааны улмаас үйлдэгдэж байгаа нь тогтоогдсон. Ингээд Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан орон нутгийн цагдаагийн газартай хамтран энэ төрлийн гэмт хэрэг хамгийн өндөр гардаг гуравдугаар сарыг сонгож гуравдугаар сарын 01 -ний өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хүртэл улсын хэмжээнд “Нэг хором” аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, ахлах мөрдөгч, мөрдөгч нарын дунд хууль, эрх зүйн мэдлэг сорих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шинэлэг санал, санаачилга нэвтрүүлэх зорилгоор “Хуульч ажиллагаа” тэмцээнийг 2019 оны хоёрдугаар сарын 20- нд гурван үе шаттайгаар зохион байгуулж, тэргүүн байрт шалгарсан багийн дэвшүүлсэн санаачилгыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажилласан.

-Ямар ямар тодорхой ажлуудыг аяны хүрээнд хийсэн бэ?

- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Нэг хором” аяны хүрээнд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, веб сайт, цахим хуудсанд хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулдаг гэмт хэргийн шалтгаан нөхцөл хариуцлагын талаар шат дараалсан тодорхой ажлуудыг байршуулсан байгаа. UB Раlасе” концертын их танхимд өнгөрсөн сарын 05-ны өдөр Хууль сахиулах их сургууль, МУИС, ХААИС, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дөрвөн мянга гаруй оюутан залуусыг хамруулсан “Ухаалаг залуус-Амьдрал аварна” сэдэвт уулзалт ярилцлагыг хийсэн. Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан, ардын жүжигчин Н.Сувд, “Сэтгэлийн өнгө” сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч, доктор Г.Наранбаатар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Оюунболд, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү нарын нэр алдар бүхий хүмүүс оролцож залууст зориулан лекц уншсан байгаа. Мөн Нийслэлийн Боловсролын Газар, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, Монголын Сурагчдын Холбоо, Монголын Скаутын Холбоотой хамтран өсвөр насны 3500 гаруй хүүхдэд дээрх аяныг үргэлжлүүлэн хүргэсэн. Тус аяны хүрээнд цагдаагийн 42 байгууллагын 9906 алба хаагч, Төрийн 667 байгууллага, төрийн бус 258 байгууллага, аж ахуйн нэгж байгууллага 2458-ыг хамруулж, 936 сургалт, 72 зөвлөгөөн, 33 өдөрлөг, 49 тэмцээнийг Их дээд, ерөнхий боловсролын сургууль, Монголын мотоциклчидын холбоо, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын оюутны холбоо, сагсан бөмбөгийн холбоо, хөлбөмбөгийн холбоотой хамтран ажилласан. Иргэд олон нийтэд хүргэх зорилгоор богино хэмжээний 45 видео шторк, 15 анимейшин, хоёр дуу хийсэн. Хүний биед халдахгүй, уур бухимдлаа нэг хором тэвчих, “Ухаалаг залуус-Амьдрал аварна” зурагт хуудас зэргийг тараасан.

-Нэг хором аян хэр үр дүнд хүрсэн гэж бодож байна вэ. Залуус нэг хормын уураа тэвчих талаар ойлголт авсан уу. Энэ аяныг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарсан бэ?

-“Нэг хором” аяны хүрээнд улсын хэмжээнд 3024 аж ахуйн нэгж байгууллага шалгаснаас 232 зөрчлийг илрүүлж 171 байгууллагад хуульд зааснаар хариуцлага тооцсон. Нэг сарын хугацаанд өрнүүлсэн аян үр дүнгээ өгсөн гэдгийг хэлмээр байна. Хүүхэд, залуус энэ төрлийн мэдээлэлтэй болсон. Уур бухимдлаа тэвчихгүй бол дараа нь гарах сөрөг үр дагаврыг сайн ойлгож ухаардаг болсон байна. 2019 оны гуравдугаар сард уур тэвчилгүй бусдын биед халдсан 768 бүртгэгдсэн байна лээ. Үүнийг өмнөх оны гуравдугаар сартай харьцуулхад 168 гэмт хэргээр буюу 18 хувиар буурсан эерэг үзүүлэлт харагдаж байна. Аяныг хэрэгжүүлснээр иргэн бүрийн ухамсар, биеэ барих чадварт тодорхой нөлөөлсөн нь мэдрэгдэж байна. Бие биедээ хүндэтгэлтэй хандах хандлага идэвхижсэн байгаа юм. Жишээ нь, өнгөрсөн сард шөнийн цэнгээний газар хэсэг залуус хоорондоо маргалдсан байсан. Тэднийг зодолдох гэж байхад хөндлөнгөөс үл таних хүн ‘Нэг хором” гэж хэлэхэд хоорондоо маргалдахаа зогсоож, инээж эвлэрсэн байсан. Мөн ангийн хоёр хөвгүүн муудалцаж байхад ангийнхан нь “Нэг хором” гэж хэлэхэд тэр хоёр эвлэрсэн байна лээ. Энэ мэт эерэг зүйлс олон гарч байна.

Э.БААТАР