Монгол улсын Гавьяат нисгэгч Т.Сугар агсны ажил амьдралын түүхээс өгүүлэх "Тэнгэрт бичсэн дурдатгал" номын нээлтийн ажиллагаа өнөөдөр “Интер ном” их дэлгүүрт боллоо.  Энэхүү ажиллагаанд  Т.Сугар агсны шавь,  найз нөхөд, Монгол улс, ЗХУ-ын баатар, Монголын анхны сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУАЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч. Н.Жанцанноров, Монгол улсын Ардын жүжигчин, СГЗ, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, Дэслэгч генерал, Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хил судлалын төвийн дарга, НҮБ-ын Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич, тэргүүлэгч гишүүн, Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ш. Арвай, УИХ-ын гишүүн асан  Л.Одончимэд зэрэг Монголын төр, урлаг, нийгмийн нэр зүтгэлтэнүүд оролцсон юм.

Ханьдаа зориулж  номон суварга  босгосон  А.Тангадтай номын нээлтийн үеэр цөөн хором ярилцсанаа хүргэж байна.  

- “Тэнгэрт бичсэн дурдатгал” номыг эмхтгэх болсон талаар?

- Т.Сугар бид хоёрын амьдрал тэр чигээрээ кино шиг алдсан, оносон, ядарсан, зовсон, уйлсан, жаргасан бүхий л зүйл бий. 30 гаруй жил ханилсан ханийх нь хувьд би Т.Сугарыг уншдаг,  Т.Сугар намайг уншдаг. Энэ агуу хүний дурдатгалыг бичиж үлдээх нь миний үүрэг эгж бодсон учраас энэ номыг эмхтгэж эхэлсэн. Гом маань долоон бүлэгтэй.  

- Ном бүр өөрийн гэсэн мэдлэгийг  уншигчдад олгож байдаг. “Тэнгэрт бичсэн дурдатгал” ном уншигчдад  юуг мэдүүлэхийг  зорьсон бэ?

-  Хүний амьдрал  хэдийгээр урт юм шиг мөртлөө богинохон.  Богинохон мөртлөө маш ихийг хийх эрмэлзлийг хүн бүрт өгдөг. Манай хүн бол эрмэлзэл дүүрэн эрч хүчтэй хүн байсан. Тиймээс энэ ном хүн байхын учрыг л  тусгасан байгаа.

Энэ номыг бичилцэхэд олон сайхан  хүн дурдатгал өгсөн. Зарим нь амжаагүй.  Тэднээсээ хүлцэл өчмөөр байна.  Мөн номыг гаргахад  надад тусалж, зөвлөгөө өгч байсан олон сайхан хүнд баярлалаа гэж хэлмээр байна.

Энэ номд нисгэгч хүний ажил,  мэргэжлийн онцлог, бахархал,  хойч үедээ үлдээх гарын авлага багтсан байгаа.  

Эгэл нэгэн галчаас Монгол Улсын гавьяат нисгэгч болтлоо бэрхшээлтэй, сонирхолтой, өрнүүн амьдралыг туулсан хурандаа 38 жил нисэхдээ 15 000 цагийг тэнгэрт өнгөрөөсөн Монгол улсын Гавьяат нисгэгч Т.Сугар агсны гэгээн дурсгалд зориулсан дурдатгал ном нь Залууст амьдралын утга учир, хүсэл тэмүүллийн мөн чанарыг ойлгуулах бөгөөд энэхүү номыг гэргий  А.Тангад, Б.Лхагвасүрэн нар эмхтгэж хэвлүүлсэн юм. Монгол улсын Гавьяат нисгэгч Т.Сугар ньМонгол орны уул тал, говь хангай хаана л бол хаана нисэн очиж Халх, Дөрвөд, Казак, Урианхай, Үзэмчин, Буриад олон үндэстэн ястангуудтай идэх хоол, уух цай, татах тамхиа хувааж явсан олонтой хүн гэдгийг  төрөл төрөгсөд, найз нөхөд нь номын нээлтийн үеэр хэлж байлаа.