Налайх-Гачууртын уулзвар хооронд 20.9 км автозам шинээр тавих ажил өчигдрөөс эхэлсэн юм.  Уг замын ажилтай холбогдуулан гурван киллометр замыг өнөөдөр 06.00 цагт хэсэгчлэн хаав. Тодруулбал, Налайхаас "Эмийн ургамал" хүртэл хуучин замаар зорчиж, "Эмийн ургамал"-аас "Ургах наран хороолол" хүртэл гурван км газар түр замаар тавдугаар сарын 01-н хүртэл зорчих юм. Харин тавдугаар сарын 01-нээс хойш Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх хуучин замыг бүрэн хааж, түр гаргасан замаар зорчино.

Мөн зүүн аймаг, алслагдсан гурван дүүргээс нийслэл рүү бүх жин нь 3.5 тн-оос дээш ачааны автомашин, 8-аас дээш хүний суудалтай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг "Налайх, Чойрын уулзвар-Дөрөвдүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар" гэсэн чиглэлээр явуулахаар болжээ.

Харин 3.5 тн-оос бага жинтэй, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл Налайх-Гачууртын уулзвар хүртэл зорчино. Налайх-Багшийн дээд чиглэлийн нийтийн тээврийн автобусанд энэ зохицуулалт хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн автобус хэсэгчлэн хаасан түр замаар зорчихыг зөвшөөрсөн байна.

 

Засгийн газраас шинэ замыг арваннэгдүгээр сар хүртэл тавьж, ашиглалтад оруулахыг ЗТХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын багт үүрэг болгосон. Замыг ашиглалтад оруулах хугацаа богино учир 20.9 км замыг дөрөв хувааж нэг зэрэг тавьж эхлэхээр төлөвлөөд байгаа аж.

 

Налайхын шинэ зам олон улсын стандартад нийцсэн, дөрвөн эгнээ бүхий өндөр зэрэглэлийн бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай байх юм.