БНХАУ-ын компанид Улаанбаатар хотын 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрөл олгосон талаар НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун Монголын Хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэг болон хүлэмжийн аж ахуй эрхэлдэг иргэдийн төлөөлөлтэй хамтран өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Энэхүү хурлын үеэр С.Мөнхчулуун 50 га газрыг Хятадын хөрөнгө оруулалттай газарт өгч ашиглуулж өгч болохгүй гэдэг шаардлага хүргүүлэхээр боллоо. Учир нь 50 га газар нь Монгол улсын нийт хүлэмжийн 90 хувьтай тэнцэнэ хэмээн онцлов. Тодруулбал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн хурлаар ЗГХЭГ-аас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай компани болох "Тяньжин Фүүдс" ХХК-т Улаанбаатар хотын 50 га газар нутагт хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх тухай асуудал орж ирсэн ажээ.

С. Мөнхчулуун "Дээрх шийдвэрийг гаргаснаар өнөөдөр хөл дээрээ тогтох гээд ядаж байга хүлэмж эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг татан унагаах уршигтай юм. Энэ ч утгаар НИТХ-аас буцаасан. Гэвч гуравдугаар сарын 27-ны өдөр хотын дарга С.Амарсайхан ЗГХЭГ-ын даргад албан бичиг хүргүүлжээ. Энэ бичгээр нийслэлийн өмчтэй “Улаанбаатар менежмент” хөрөнгө оруулалтын компаниар дамжуулан уг ажлыг хийх бичгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн байна.

Хүнсний аюулгүй байдал гэдэг бол Үндэсний аюулгүй байдлын нэгэн томоохон хэсэг. Бидний шууд хэрэглэж хэвшсэн хүнс тэжээлийг химийн хортой бодисоор бордох юм билээ. Ийм зүйл байж болохгүй. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Хотын дарга С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлнэ.

Шаардлагад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх О.Бат-Найрамдалын өгсөн чиглэлийн дагуу НИТХ-ын тэргүүлэгчдийн гуравдугаар сарын 27-ны өдрийн хурлаар нийслэлийн 50 га газарт Агропарк байгуулах, Тяньжинь фүүдс компаниар хүлэмжийн аж ахуй эрхлүүлж, хүнс ногоо тариулах асуудлыг хэлэлцээд тэргүүлэгчдийн олонхийн саналаар уг асуудлыг дэмжхигүй гэдгээ илэрхийлсэн. Гэтэл тус өдөр хотын даргын 011048 тоот албан бичгээр нийслэлийн өмчтэй “Улаанбаатар менежмент” хаалттай хувьцаат компанийг хамтран ажиллахаар сонгосон тухай албан бичгийг ЗГХЭГ-т хүргүүлсэн байна. Иймд Үндэсний аюулгүй байдлыг гишиүүд, ЗГХЭГ-ын дарга, нийслэлийн удирдлагууд та бүхэн нухацтай үзэж монголын ард түмний эрх ашгийг хангасан шийдвэрийг гаргахыг шаардаж байна. Үүнд Хятадын компаниар хүлэмжийн аж ахуй эрхлэхийг зогсоох, Тяньжинь фүүдс компанид өгөх гэж буй 50 га газрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар монголын иргэдэд олгох, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах боломжийг олгохыг шаардаж байна” гэлээ.

 

Монголын Хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Х.Алтанцацралт "Монголд жилийн дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж би олон жил зүтгэж ирлээ. Энэ туршлагынхаа дагуу би хятадуудын ногоо тарьдаг арга, технологийг сайн мэднэ. Хөрш, зэргэлдээ улсууддаа ч гэсэн ямар хор уршиг учруулж байгааг бид бүгд харж байна. Гэвч энэ тал дээр манай улсын төр засгийн зүгээс авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээ нь бүрхэг, хэн нь юу хийж, ямар шийдвэр гаргах гэж байгаа нь мэдэгдэхгүй юм. Надад маш олон аж ахуй эрхлэгч, хэрэглэгч иргэдээс тус асуудал дээр анхаарал хандуулж, нэгдэх хэрэгтэй гэсэн санал хүсэлтүүд ирсээр байна.

Түүнээс гадна нарийн ногоо гэдэг нь боловсруулахгүй, түүхийгээр нь хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн тул хэрэв хятадууд орж ирвэл бидний хэрэглэдэг хоол хүнсэнд маш их химийн бодис, бордоо нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь Монголын ирээдүй, үр хүүхэд болон хүнсний аюулгүй байдалтай шууд хамааралтай гэдгийг санах хэрэгтэй" гэсэн юм.