Завхан аймгийн Тэлмэн сумын төвөөс 20 км зайд амьдардаг малчны гэрт жирэмсэн эмэгтэйд кесерово буюу  хийсвэр хагалгааг эмч нар амжилттай хийжээ.

26 настай уг эмэгтэй  манас таталт хам шинж оноштой, биеийн байдал нь маш хүнд байсан аж. Тэлмэн сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс эх барихын хагалгааны багийн тусламж дуудаж энэ сарын 11-нд, шөнийн нэг цагт яаравчлан хагалгаа хийснээр эх, хүүхдийн амь насыг аварч чаджээ.

Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дарга, Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн их эмч Х.Цэцэгдэлгэр, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний ахлах зэргийн их эмч Ц.Нарантуяа, Мэс заслын их эмч Т.Пүрэвдорж, Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Бадамгарав, Хүүхэд, нярайн их эмч Д.Цэнгэлжаргал, Хагалгааны сувилагч Ч.Оюун,  МЭЭ-ний сувилагч А.Цэрэндэжид /тэргүүлэх зэрэг/, Нярайн сувилагч Ө.Алтанцэцэг /ахлах зэрэг/, жолооч Д.Баатарбилэг, Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Г.Баярмаа нарын баг бүрэлдэхүүн хагалгааны дараах эмийн эрчимт эмчилгээг оновчтой түргэн шуурхай хийсэн байна.

Ингэснээр хоёр  хоногийн дотор эхийн биеийн байдал тогтворжжээ. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн, ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа аж.