УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Өнгөрсөн даваа гаригт Ерөнхий прокурорын орлогчийн томилгооны асуудалтай холбогдуулан нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ тухай ярихгүй юу. Өмнө нь Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулж байсан шүү дээ?

-Өмнө нь элчин сайдад нэр дэвшиж байсан Б.Хурцтай холбоотой тодорхой иргэдээс УИХ-ын гишүүдэд ирсэн өргөдлүүдийг сонсъё гэж нээлттэй сонсгол зохион байгуулж байсан. Томилгоотой нь холбоогүй байсан. Нэр дэвшиж байгаа хүнийг нь оруулъя гэсэн зорилго байгаагүй. Энэ бол жирийн болдог л нэг нээлттэй хэлэлцүүлгүүдийн нэг. Харин өнгөрсөн даваа гаригт хийсэн хэлэлцүүлгийг яг томилгоотой холбогдуулан хийсэн. Ямар нэг өргөдөл гомдол ирсэн гэдгээс улбаалаагүй. Энэ хэлэлцүүлэгт нэр дэвшигчид болон иргэний нийгмийн байгууллагууд, УИХ-ын гишүүд гээд нэлээн өргөн хүрээний хүмүүс ирж оролцсон. Энэ утгаараа Монголын түүхэнд анхных юм. Бүхий л томилгоонууд байнга дарга нарын өрөөнд, энд тэндхийн баар, ресторануудад л яригдаж, бие биенийгээ нэр дэвшүүлж, лоббиддог. Түүнчлэн мөнгө төгрөг өгч, авалцдаг. Албан тушаал амалцгаах гэх мэт томилгооны асуудал аймшигтай буруу замаар явж ирсэн шүү дээ. Тухайлбал, 60 тэрбумын хэрэг байна. Энэ бол хамгийн дээд хэлбэр нь. Өөрөөр хэлбэл зохион байгуулалттай хэлбэрт шилжчихсэний жишээ. Төрийн эрхийг хууль бусаар авсан төрийн эсрэг гэмт хэрэг юм. Үүнийг задлахын тулд бид талбай дээр жагсаал, цуглаан хувьсгал хийсэн. Биднээс “Та нар яаж энэ байдлыг өөрчлөх юм бэ” гэж ард түмэн асуудаг. Яаж вэ гэвэл бид нар ил тод нээлттэй хэлэлцдэг болно. Үүнийгээ ч бид хэрэгжүүллээ. Яг хуулийн дагуу томилгооны сонсгол хийж болох АТГ-ын дарга гэх мэт их хурлаас томилогддог албан тушаалууд дээр гарын үсэг зураад явж байгаа. Харин бусад томилгоон дээр иймэрхүү нээлттэй хэлэлцүүлэг хийх болно.

-Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам тавих тухай Засгийн газар шийдвэр гаргасан. Энэ нь нийгэм, эдийн засгийн хувьд хэр ач холбогдолтой вэ?

-Аливаа дэд бүтцийн том асуудалд үндэсний эрх ашгаа бодох ёстой. Хамгийн аймшигтай нь өнөөдрийг хүртэл улс үндэстний оршин тогтнох үндэс болсон баялаг, металл, төмөр, цайр, зэс, нүүрсээ дэлхийд байхгүй хамгийн хямд үнээр гадагшаа урсгаад л байна. Мөнгө нь ч Монгол Улсад эргэж орж ирэхгүй байна шүү дээ. Энэ бол МАНАН дэглэмийн хамгийн их хор хөнөөлтэй эдийн засгийн шийдвэрийн үр дүн. Үүнийг бид яаралтай засч, залруулж, ирээдүй болсон үр хойчийнхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой. Монголын нүүрс зөвхөн нэг хэрэглэгчийн барьцаанд байх нь зөв зүйл биш. Засгийн газрыг огцруулж, Монголын улс төрийг тогтворгүй болгож байгаад хулгай хийх замыг нээгээд байгаа энэ замыг хаах ёстой. Ер нь Засгийн газар Монгол Улсаа бодсон зөв шийдвэрийг гаргаж байна л гэж харж байгаа.

-Энэ хаврын чуулганд багтаан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийнэ гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэн. Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүрэн эсэргүүцэж байгаа. Энэ өөрчлөлтийг яав ч хүлээн зөвшөөрч болохгүй. Үндсэн хууль гэдэг бүхэл бүтэн тогтолцоо, амьд организм. Үндсэн хууль шинээр төрж, улс оронтойгоо хамт хөгждөг зүйл. Яахав Үндсэн хуульд яваандаа нэмэлтүүдийг хийж болдог. АНУ гэхэд 200 гаруй жилийн өмнө Үндсэн хуулиа тунхаглаж байсан. Тухайн үед тунхаглаж байсан бүх нэр томьёог нь харахад өнгөн талдаа хуучирсан мэт боловч цаанаа нэмэлтүүдээрээ Үндсэн хуулиа боловсронгуй болгодог. Эхний ээлжинд бид дордуулсан долоон өөрчлөлтөө хүчингүй болгох ёстой. Дараа нь гол үзэл санаануудаа багтаасан 5-10 асуултыг нийт ард түмнээсээ санал асуулгаар тавих ёстой. Дараагийн их хурал Үндсэн хуулийг зөв зохистой өөрчлөх асуудал руу орж болно. Энэ их хурал Үндсэн хууль руу халдах гэж байгаа ганцхан шалтгаан байгаа. Сонгуулийн тогтолцоог пропорциональ болгох гэж байна. Энэ бол яав ч болохгүй асуудал. Ингэвэл ард түмэн жинхэнэ бослого гаргах болно.

-УИХ-ын зүгээс Үндсэн хуулийг өөрчлөх цаг хугацаа нь болчихсон гэж ярьж байна л даа?

-Худлаа. Нэг нам ерөөсөө Үндсэн хуульд гар хүрч болохгүй. МАН хоёр бүлэглэл болчихсон. Ийм байхад Үндсэн хуульд халдаж болохгүй. Нийт ард иргэдийн санал асуулгаар өөрчлөлтийг хийх ёстой. Тэгэхээр эд нарын хүссэн Үндсэн хууль батлагдахгүй учраас айсандаа парламентын хуйвалдаан хийх гэж байна. Өөрөөр хэлбэл дордуулсан долоог 20 болгох гэж байна. Тиймээс үүний эсрэг хатуу тэмцэх ёстой. Үндсэн хуульд халдах юм бол би тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн байна.

-МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл цаашдаа яах вэ?

-Манай нэгдэлд 120 гаруй байгууллага байгаа. Бүгд өөр өөрсдийн зорилттой. Энэ зорилтууд хувьсгалын үр дүнд хэрэгжээд явж байна. Бидний тэмцэл шударга ёсны тэмцэл байсан бол одоо парламентын хувьсгал болж байна. Үргэлжлээд сонгуулийн хувьсгалаар дээд цэгтээ хүрнэ. Дахиад ард түмэн сонгуулиар саналаа худалдахгүй байх. Төрийн эрхийг сонгуулийн замаар дээрэмдэж авахгүй болгохоор үйл ажиллагаа улам эрчимжүүлнэ. Баялгийнхаа эзэн болох шударга бус хуулийн тогтолцоог өөрчлөх гэх мэт томоохон зорилтууд байна.

Бид бол яахав, талбай дээр олон мянган хүн цуглуулаад ард түмний хүчийг харуулсан. Парламентын түвшинд гэхэд Эрдэнэт үйлдвэрээс эхлүүлээд төр гол өмчүүдээ буцаан авч байна. Баялгийн сангийн тухай хууль, Сонгуулийн хууль, намын хууль гээд үндсэн асуудлууд руугаа орно. Ялалтад хүрэхийн төлөө хичээх болно.

-Та бүхэн ялалтад хүрэхэд хэр хугацаа үлдсэн бэ?

-Ялалт бол ганцхан сонгууль. Энэ бүх МАНАН дараагийн сонгуулиар ард түмнийг хуурах, худалдан авах, айлгах, дээрэмдэх энэ бүх бэлтгэлдээ орчихсон байна шүү дээ. Үүнтэй тэмцэнэ. Амь өрссөн тэмцэл байх болно. Ирэх сонгуулиар ард түмэн МАНАН-д бүрмөсөн цэг тавих ёстой. Маргааш нь энэ бүх асуудал шийдэгдэнэ. Төрийн эрх мэдэл байхгүй бол тэдний зэвсэг нь байхгүй болно шүү дээ. Тэд нарт энэ зэвсгийг ард түмэн өөрсдөө өгчихөөд байгаа байхгүй юу. Ирэх сонгуулийн жил жинхэнэ хувьсгалын ялалт биднийг хүлээж байгаа гэдэгт итгэж байна.

-Шинэ нам байгуулна гэсэн. Сонгуульд өрсөлдөх үү?

-Тэгнэ. Биднийг намаас хөөчихлөө. Нэр дэвших эрхийг маань хасчихлаа. АН бол 30 жил гишүүнээр явж, удирдах байгууллагад нь явсан миний байгуулалцсан нам. Гэтэл надаас сүүлд орж ирсэн хэдэн нөхөд ийм шийдвэр гаргалаа. МАНАН-гийнхан үндсэндээ АН-ыг өөрийнхөө төр засгийг булаан эзлэх, дараагийн зэр зэвсэг болгож байна л даа. Би энэ намд байх нөхцөлгүй болсон.Манай намыг 20 гаруй мянган хүн дэмжсэн. Цаашдаа хэд ч хүрч магадгүй.

-Олон нийт сонгогчдынхоо өмнө хүлээсэн итгэл, хүндэтгэл хүлээсэн парламентын нэр хүнд асар унаж дунд сургуулийн хүүхдүүд хүртэл хэдэн улстөрчдөө муулж, ерөөсөө л нийгмийн гол сэдэв нь улстөржилт болчихлоо. Та ч гэсэн анзаарч байгаа байх?

-Энэ бол хорт хавдар. Үндсэн ажлаа хийж, амьдралаа болсгох ёстой, эсвэл залуу насаа эдлээд явж байх ёстой хүмүүс өөрийн эрхгүй улс төржиж байна. Өөрсдөө улс төрийг оролдохгүй байя гэвч улс төр нь оролдоод байгаа байхгүй юу. Хүмүүсийн амьдрал улам л муудаад байна гэдэг улс төрийн хамгийн муухай хүмүүст үзүүлж байгаа том дарамт шүү дээ. Энийг арилгах ганцхан эм нь улс төрөөр дамжиж баялаг хулгайлдаг замыг л хаах юм. Мөн шударга бус тогтолцоо. Энэ хоёрыг л өөрчлөхөд ард түмэнд ямар ч улстөржих шалтгаангүй болно.