"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөр өнөөдөр албан ёсоор орон даяар хэрэгжиж эхэлж байна. Энэхүү хөтөлбөр нь 2019-2023 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж эрүүлжүүлэн, хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой аж.

Уг хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад оролцсоноос  орон нутгийн 84, нийслэлийн  115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнсэн байна. Иймд болзол хангасан дараах эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Эрүүл мэндийн байгууллагаас амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг  худалдан авах гэрээ” байгуулжээ. 2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхдүүдийг уг хөтөлбөрт нэг удаа хамруулах бол зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхдэд хамрагдах боломжоор хангана гэв.  Мөн зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ гэж тооцсон байна.