Манай улсад шүдний өвчлөл, тэр дундаа хүүхдийн шүдний өвчлөл онцгой анхаарах хэмжээнд хүрээд байгаа. Үндэсний хэмжээнд таван жилийн хугацаанд хэрэгжих "Эрүүл шүд -Эрүүл хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн шүд цоорлын өвчнийг 30 хувиар бууруулах зорилго тавин эхлүүлээд байна.

Манай улсын хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл 87.3-96.4 хувьтай байна гэх судалгаа гарсан нь үндэсний хэмжээнд хөтөлбөр хэрэгжүүлэхээс аргагүйг баталсан тоон мэдээ юм. 2019-2023 онд хэрэгжих уг хөтөлбөрт улсын төсвөөс 50 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Энэ жилийн хувьд 4.6 тэрбум төгрөгийг хүүхдийн шүдний эмчилгээнд зарцуулна. Дараа дараагийн жилийн төсөв нэмэгдэх аж. Энэ жилийнхээс хоёр дахин нэмэгдэж 10 тэрбум төгрөгт хүрнэ гэж яригдаж буйг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдээд буй. Манай улсад 2-12 насны 725 мянган хүүхэд бий гэсэн статистик гарчээ. Эхний ээлжинд буюу 2019 оныг дуустал 2-6 насны хүүхдийг уг хөтөлбөрт хамруулахаар болжээ. Энэ насны 366 мянган хүүхэд байгаа аж.

Улсын хэмжээнд 450 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг ажилладаг юм байна. Уг хөтөлбөрт хамрагдахаар 243 шүдний эмнэлэг материалаа өгчээ. Эдгээр эмнэлгүүдээс 199 -ийг нь сонгон шалгаруулжээ. Сонгогдсон эмнэлгүүд хүүхдээ хүлээж аваад эхэлчихсэн байгаа аж.

Улаанбаатар хотод 118 шүдний эмнэлэг, харин орон нутагт 81 шүдний эмнэлэг сонгогджээ. Эдгээр эмнэлгээс улсдаа гайгүй гэх эмнэлгүүдийг сонгосон гэж албаныхан мэдэгдээд байгаа. Бид хөтөлбөрт хамрагдаагүй шүдний эмнэлгүүдээр орлоо. Сүхбаатар дүүрэгт байрлах хувийн хэвшлийн гурван шүдний эмнэлгийг сонгож, сурвалжлага хийсэн юм. Зарим нь үндэсний хэмжээний хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын хугацааг тулгаж мэдсэн учраас материалаа өгч амжаагүй гэсэн тайлбар хэлж байв. Харин нэг эмнэлэг нь сонгон шалгаруулалт дуусах өдрийн өмнө мэдээд материалаа өгсөн ч тэнцээгүй гэсэн хариу өгч байлаа. Хөтөлбөрт хамрагдах эмнэлгийг сонгон шалгаруулахад ариутгал, халдваргүйжүүлэлтийн шаардлага хангасан эсэхийг гол шалгуур болгожээ. Түүнчлэн хүний нөөц бусад зүйлийг нь ч харгалзан үзсэн байна.

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа “Хувийн шүдний эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ сайжирч байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжсэнтэй уялдуулан нэг давуу тал үүсч байгаа. Шүдний эмнэлгүүдийн ариутгал халдваргүйжүүлэлт сайжирна” хэмээн онцлов.Салбарын яамнаас хөтөлбөрт хамрагдах шүдний эмнэлгийн тоог нэмэх бодлого барьж байгаа юм байна. Эдгээр сонгогдсон эмнэлгийн 38 нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээгээ байгуулаагүй байгаа тул одоогоор шүдний 161 эмнэлэг 2-6 насны хүүхдэд үйлчилж байна.

Мөн хөтөлбөрийн хүрээнд дүүргийн харьяаллын дагуу үйлчлүүлэхийг зөвлөж байгаа ч эмнэлгүүд харьяалал харгалзахгүй үйлчилж эхэлжээ. Түүнчлэн шүдээ эмчлүүлэх онцгой шаардлагатай долоогоос дээш насны хүүхэд тус хөтөлбөрт хамрагдаж болох юм байна. Сүүн шүд 5-13 насанд солигдож дуусдаг учраас ийм шийдэлд хүрчээ.

Үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхэд бүрт 60000 төгрөгийн эмчилгээ хийгдэнэ. Мөнгөн дүнд хийгдэх зургаан төрлийн эмчилгээ бий. Үүнд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгөх, шүд цоорлын эмчилгээ, урьдчилан сэргийлэх түрхлэг, эрдэсжүүлэх түрхлэг, шүд авах зэрэг багтаж байгаа аж. Өнөөдөр манай улсад хүүхдийн нэг шүдний сувгийн эмчилгээ гэхэд дунджаар 50-60 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэнэ. Шүдний эмнэлэгт үйлчлүүлэхээр ирсэн иргэд 60 мянган төгрөгөөр багахан үйлчилгээ авна гэцгээж байв. Иргэн Ц.Цэрэндолгор “Хувийн шүдний эмнэлэгт 60 мянган төгрөг бол зөвхөн зөвлөгөө авах хэмжээний мөнгө. Нэг шүдний эмчилгээ нь гэхэд л энэ хэмжээний мөнгөөс илүү гарч байна шүү дээ” хэмээн хэлж байлаа.

 

Хөтөлбөрт хамрагдаад буй эмнэлгүүдээс “Ubdent” шүдний эмнэлгийг сонгон тус эмнэлгийн шүдний эмч Ц.Батцоожоос дараах зүйлсийг тодрууллаа.


-Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад хэрхэн хамрагдсан бэ. Танай эмнэлгээр өдөрт хэдэн хүүхэд шүдний эмчилгээ хийлгэж байна?

-Бид бүрдүүлэх материалыг нь бүрдүүлж өгсөн. Одоогоор манай эмнэлэг хүүхдийн үзлэгээрээ тэргүүлж байна. Хүүхдийн шүдний өвчлөл маш их байгааг хэлэх байна. Нэг өдөр гэхэд ганц эмч эхэндээ арав гаруй хүүхэд үздэг байсан. Үзүүлж байгаа хүүхдүүд маань нэг ирээд эмчилгээ нь дуусахгүй хоёр, гурван удаа эмчилгээнд орох шаардлагатай байгаа юм. Тэдгээр хүүхдийнхээ давтан эмчилгээг хийх болохоор шинээр хүүхэд авах цаг маш бага болчихож байна. Тиймээс өдөрт нэг эмч шинээр дөрвөн хүүхэд үзэхээр төлөвлөн ажиллаж эхэлсэн. Өдөрт дунджаар нэг эмч 20-30 үзлэг хийж байгаа. Цаг амжихгүй байна. Манайд эмчлүүлэхээр ирж байгаа хүүхдүүдийн шүд нь хүнд хэлбэрийн идээлсэн, хавдсан, үрэвсэл ихтэй байна.

-Танайд үзүүлэх дараалал хэр байгаа вэ?

-Дараалал маш их байгаа. Манай эмнэлэг тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл цаггүй болсон. Хөтөлбөр хэрэгжиж, батламж гарсан өдрөөс эхэлж үйл ажиллагаагаа явуулсан.

-Хүүхэд бүрт 60000 төгрөгийн эмчилгээ хийхээр заагдсан. Үүнээс илүү төлбөр гарвал эцэг эхчүүд өөрсдөө төлөх үү ?

-Цаг авч буй эцэг эхчүүд 60 мянгаас илүү төлбөр авах уу гэдэг асуултыг маш их тавьж байгаа. Мэдээж 60 мянган төгрөгийн үйлчилгээнд багтах эмчилгээ ховор. Манай тарифаар гэхэд нэг сувгийн эмчилгээ 50 мянган төгрөг. Нэг шүдээ эмчлүүлэх хүүхэд маш ховор ирж байна. Хамгийн доод тал 2-3 шүд нь өвчтэй. 30-40 хүүхэд дундаас нэг хүүхэд эрүүл байдаг. Тэдгээр хүүхдэд хамгаалалтын ломбыг нь тавьж, түрхлэгийг нь түрхэж өгч байгаа. Энэ эмчилгээнүүд 60 мянган төгрөгөөс илүү гараад явчихдаг. Бид аль болох 60 мянган төгрөгт баригдалгүй хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх зорилт тавьж байна. Хүүхдэд 20 шүд байдаг. Зарим хүүхдийн шүд 300-400 мянган төгрөгийн эмчилгээ хийх шаардлага их байна. Эдгээр хүүхдүүдэд 150 мянган төгрөг болтол хямдруулж өгч байгаа. Үнэхээр эмчилгээ нэн шаардлагатай тохиолдолд эцэг эхчүүдэд хөнгөлөлт үзүүлэн ажиллаж байна.

-Хүүхдийн сүүн шүдийг авахаар дахиж ургадаг уу?

-Сүүн шүдийг авсан ч дахиж ургадаг. Хэт бага насны хүүхдийн шүдийг авч болохгүй. Зайлшгүй тохиолдолд идээт үрэвсэлтэй үед авах заалт байвал авна.

-Мэдээж ариутгал халдваргүйжүүлэлт хамгийн түрүүнд яригдана. Танайд сүүлийн үеийн ямар ямар эмчилгээнүүд хийгдэж байна?

-Манай эмнэлэг эмзэг давхарга руугаа хандсан үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн гол нь сайн материал ашиглан хүүхдүүдийг эрүүлжүүлэх зорилготой. Тийм ч учраас бид өөрийн эмнэлгийн ойр цэцэрлэгийн хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийдэг. Эмчилгээний тарифаа 50 хувь хөнгөлдөг. Манайх хүүхдийн дагнасан эмнэлэг биш хэдий ч нийгэмд оруулж байгаа хувь нэмрээ илүүд үздэг гэсэн үг. Мэдээж насанд хүрэгчдэд бүх төрлийн эмчилгээ үзлэг хийдэг. Бид орчин үеийн бүхий л эмчилгээг хийж байгаа. Хүүхдийн үзлэг эхэлчихсэн болохоор насанд хүрсэн хүмүүс маань хаягдах магадлалтай байна. Гол чигээ баримтлах ёстой учраас өдөрт шинээр 3-4 хүүхдэд цаг өгч байгаа.

-Хүүхдийн шүднийг эрүүл байлгахын тулд хамгийн түрүүнд юун дээр анхаарах ёстой вэ?

-Хамгийн чухал нь шүдний угаалт. Шүд угаах бол нарийн ажилбар. Хүүхдүүд гадуур нь өнгөц угаагаад байдаг. Хүүхдийг ядаж 6,7 нас хүртэл шүдийг нь эцэг эхчүүд угааж өгөх хэрэгтэй. Гарыг нь зүгширтэл гэсэн үг. Хүүхдийн гарын булчин зорилтот зүйлүүдийг хийх чадалтай болтол эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг сайн угааж байвал шүдний өвчнөөс сэргийлж чадна.