Монгол улсын иргэн, 1969 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, Мээрэн овогт Д.T нь Ховд аймгийн Дарви сумын засаг даргаар ажиллаж байхдаа 2016 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчиж, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дарви сумын хөдөөгийн багуудын худаг сэргээн завсарлах ажил хийлгүүлэхээр “Булган үзүүр” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлтэй, шууд гэрээ байгуулан 16000000 төгрөгийг, мөн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дарви сумын Цэцэрлэгт хүрээлэнгийн засварын ажлыг хийлгүүлэхээр “ Өгөөмөр сутай” ХХК-тай шууд гэрээ байгуулан 10200000 төгрөгийг тус тус шилжүүлж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрд их хэмжээний хохирол буюу 26200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. 

Харин үүнийг эсэргүүцэн прокурор давж заалдах шатны шүүхэд хандсан. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т нь Булган Үзүүр” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд 16000000 төгрөг, “Өгөөмөр сутай” ХХК-д 10200000 төгрөгийг тус тус шилжүүлэхдээ албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах ямар санаа зорилготой байсан, бусдад давуу байдал олгосон эсэхийг тогтоох шаардлагатай гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Булган үзүүр нөхөрлөлийг үүсгэн байгуулсан Б.Н нь тухайн үед Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор ажилладаг байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч М.Батцэнгэл, Б.Н нарын мэдүүлгүүдээр Д.Т нь Булган үзүүр нөхөрлөлтэй шууд гэрээ байгуулах замаар өгсөн 16 сая төгрөгийн өртөгтэй хоёр худаг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэгч байгууллагын өмнөөс өөрөө хийж гүйцэтгэхээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.  Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Булган үзүүр зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, “Өгөөмөр сутай” ХХК нь өөрөө тухайн ажлуудаа хийж гүйцэтгэх санал тавиагүй, сумын засаг дарга Д.Т нь санаачлага гаргаж тухайн ажлуудыг өгсөн болох нь тогтоогддог тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр тогтоогдсон гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр дээрх гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг юм. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоогоогүй талаарх баримт хэрэгт авагдаагүй байна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт Д.Т-ийн урьд нь ажиллаж байсан албан тушаал, одоо ажиллаж байгаа албан тушаал, мөн гэр бүлийн байдал, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, банкны харилцах хадгаламж, өр зээлийн байдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурорын зөвшөөрлөөр авч хэрэгт хавсаргасан байгаа болно. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст яллагдагч Д.Т нь Ховд аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг гаргаж өгсөн ба мөрдөгчөөс түүнийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн дагуу нотлох баримтын хэмжээнд хэрэгт хавсаргасан байна.

Тус захирамжийг Д.Т нь хүсэлтийн хавсралт болгож гаргаж өгсөн тул түүнийг тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргах шаардлагагүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Дарви Булган үзүүр зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь М.Б байх тул иргэний хариуцагчаар Б.Н-г татсаныг зөвтгөх гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь М.Б, Б.Н нар нь эхнэр, нөхөр болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийг зөрчсөн гэх үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт Авилгатай тэмцэх газрын мөрдөгч нь Өгөөмөөр сутай ХХК-ийн Дарви суманд хийсэн цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц байдалд үзлэг хийсэн ба Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаартай эд хөрөнгө бүртгэлд авах тухай тогтоолоор тус цэцэрлэгт хүрээлэнг орон нутгийн өмчид бүртгэж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа учир дээрх ажил хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж тайлбарлажээ. 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг хянан хэлэлцээд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм. 

Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Дарви сумын экс засаг дарга Д.Т-ийг хуучин эрүүгийн хуулийн 263.2. - Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэсэ зүйл ангиар дахин шалгахаар болж байна. 

Бид энэ хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэх талаар эргэж мэдээлэх болно.