Эрүүлжүүлэх байранд хүн эрүүлжүүлэхдээ мөрдөх дүрэм журам байдаг. Гэтэл үүнийг мөрдөөгөөгүйгээс болж эрүүлжүүлэх байранд амиа хорлосон тохиолдол  Увс аймагт гарсан. Энэ хэрэгт цагдааг ажилдаа хайнга хандсан гэдэг үндэслэлээр  шалгасан.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Давж заалдах шатны шүүхээс мөн энэ шийдвэрийг хэвээр нь үлдээжээ.

2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч, яллагдагч Н-ийн Х, тус сумын цагдаагаар ажиллаж байсан яллагдагч Ганболдын Ш нар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаартай тушаалаар батлагдсан “Саатуулах байрна дэглэм, журам”-ын 2 дахь хэсэгт заасан ахуй нөхцөл хангагдаагүй, цагдаагийн хэсгийн байранд хохирогч О.Быг “согтуугаар зөрчил үйлдсэн” гэх үндэслэлээр саатуулахдаа мөн журмын 3.4-д заасан “...саатуулах өрөөнд бүс, тэлээ, хөлийн ороолт, гутлын үдээс, хумсны хутга, хурц үзүүртэй болон хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эд зүйлс авч орох, утаат тамхи нэвтрүүлэх, татахыг хориглоно” гэх, 4.6.7-д заасан “саатуулагдсан хүнд үзлэг хийх, түүний эд зүйлийг хураан авах ажиллагааг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч О.Б нь цагдаагийн хэсгийн байранд өөрийгөө боомилж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Талийгаач О.Б 2013 онд мотоцикльтой явж байгаад онхолдож толгойдоо гэмтэл авсан бөгөөд тэр үеэс эхлэн архи, согтууруулах ундаа хэрэглэх болсон аж. Энэ талаар түүний эхнэр: Эхэндээ архи бага уудаг байж байгаад 2014 оноос хойш согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх болсон. Архи уусан үедээ гэртээ агсам согтуу тавьдаг, жилдээ 2-3 удаа намайг зоддог байсан. Би О.Б-ыг архинаас гаргах зорилгоор 2013, 2015 онд Улаанбаатар хот руу архины эмчилгээнд явуулж байсан боловч үр дүнд хүрээгүй. О.Быг байнга архи ууж намайг зоддог тухай түүний төрсөн ах, эгч нар нь мэднэ. 2017 онд О.Б байнга архи уугаад гэрт агсам тавиад болохгүй болохоор нь тусдаа 3 сар амьдарч үзсэн. Тэгээд 2017 оны 9 дүгээр сард эргэж нийлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш О.Б гэртээ ирээгүй, гадуур архи уугаад яваад байгаа сурагтай байсан... 2018 оны 05 дугаар сарын 05-ны шөнө 01 цагт хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Н.Х манайд ирээд өөртэй чинь уулзаж юм асуумаар байна гэж хэлээд Цагдаагийн хэсгийн байранд дагуулж ирээд О.Б нас барчихлаа, өөрийгөө боомилсон юм шиг байна. Хүзүүнд нь уяа байсан, би хиймэл амьсгаа хийж анхны тусламж үзүүлэх гэж оролдсон боловч яаж ч чадсангүй ээ, уучлаарай гэх хэлсэн. Би Б-ыг орж үзээгүй. Би О.Б-той 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш уулзаагүй. 

Хэргийн талаар энэ хэрэгт буруутгагдаад байсан хоёр цагдаагийн нэг нь болох Н.Х:  Би талийгаач Б-ыг оруулаад цагдаа Г.Ш-д хүлээлгэн өгч, энэ хүнээ харж байгаарай, би хөдөө явах ажилтай болсон гэдгээ хэлээд машин хайна гээд гараад явсан. Явж байгаад нэг ирэхэд хэсгийн төлөөлөгч Г.Ш нь Б хүний үгэнд орохгүй, тавьсан хууль ёсны шаардлага биелүүлэхгүй байна. Энэ хүнийг яах вэ гэж асуухад нь бүр болохгүй бол хажуудаа гавлаад харж байхгүй юу гэж хэлээд дахиад гарч явж байгаад ирэхэд хэсгийн төлөөлөгч Г.Ш нь талийгаач Б-ыг шонгийн модноос гавласан байсан. Яагаад шонгийн модноос гавласан талаар асуухад тавьсан хууль ёсны шаардлага хүлээн авахгүй мотоциклио унаад явна гээд байхаар нь шонгийн модноос гавласан гэсэн... 20 цагийн орчим цагдаагийн кобан дээр ирэхэд хэсгийн төлөөлөгч Г.Ш нь талийгаач Б-ын биед үзлэг хийгээд бүс тэлээг нь хураан авч цонхны тавцан дээр тавьсан талийгаач Быг гадна гаргасан тамхи татуулж байсан. Би очоод кобаны гадна битгий тамхи татуул гэдэг шаардлага тавиад оруул гэж хэлээд би кобаны гадна утсаар ярьж байгаад кобан руу орж ирэхэд цагдаа Г.Ш 2 гарыг чинь гавлана гэж хэлэхэд нь талийгаач О.Б нь миний нэг гарыг гавлаж болохгүй юм уу? гээд байхаар нь би О.Б чи хэсгийн төлөөлөгчийн үгэнд орохгүй юм уу? гэж асуухад үгэнд орно гээд тавьсан шаардлагыг хүлээн аваад талийгаач О.Б нь 2 гараа гавлуулсан... Архийг нь гартал хажуудаа харж бай. Бүр болохгүй бол амьдардаг өрөөндөө оруулж ирээд гудас дэвсэж өгөөд унтуулаарай. Ар гэрт нь одоо хүлээлгээд өгвөл эхнэр хүүхдээ зодож цохиж магадгүй гэж хэлчихээд яагаад О.Б-ыг харахгүй байгаа юм бэ? гэж хэлээд түлхүүр аваад арын өрөө рүү ороод талийгаачийг дуудахад хариу дугаарахгүй байсан. Хажууд нь очоод өөрийнх нь нэрээр 2-3 удаа дуудаад баруун гараас нь татахад хүзүүнээс нь саарал өнгийн уяа хөндлөн чиглэлтэй унжиж байсан. Тухайн үед би Ш гэж орилоод уяаг хүзүүнээс нь тайлж байх үед Г.Ш цагдаа орж ирсэн. Гаваа хурдан тайлаач гэж хэлээд гавыг тайлах үед талийгаач О.Бын амнаас нь шингэн зүйл гарч байсан тул шингэн зүйлийг арчаад амаараа хиймэл амьсгаа хийж, зүрхний иллэг хийсэн. Г.Ш цагдааг сумын их эмч рүү залга гэж хэлсэн. Сумын их эмч хурдан хугацаанд ирж нас барсан байна гэж хэлсэн тул шууд цагдаагийн 7045102 дугаар руу мэдэгдсэн. Би нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал хангах, гэмт хэрэг гарсан зөрчлийг шалган шийдвэрлэх, илрүүлэх, таслан зогсоох чиг үүрэгтэй. О.Быг бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьсан гэх дуудлагын дагуу цагдаагийн кобан дээр авч ирсэн. Тухайн үед талийгаач О.Б-ыг шалгах боломжгүй, архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан...” гэжээ.

Талийгаачийн үхлийн шалтгааны талаар: Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний “…Талийгаач О.Б-ын биед гэмтэл учирсан байна. Талийгаач О.Б-ын биед а/ хүзүүний дээд хэсэг бамбай мөгөөрсний дээгүүр 0,3 см өргөнтэй ташуу байрлалтай, дүүжлэлтийн ором илэрсэн, б/ Хоёр гарын сарвууны үений орчим зурагдалт, улайлт, 2 өвдөгний орчим зулгаралт үүсэж тавшсан, зүүн гуяны дунд хэсэгт 2*2,5 см хөхрөлт үүсэж, шар туяа татсан байдалтай хуучин гэмтлүүд үүссэн байна. Талийгаачийн хүзүүнд үүссэн дээрхи гэмтэл нь зөөлөн зүйлээр хүзүү биеийн жингээр дарагдах үед үүсгэгдэнэ, бусад гэмтэл нь мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач О.Бын биед үүссэн гэмтлүүд нь амьд үед үүссэн байна. Талийгаач О.Бын биед үүссэн дээрхи зулгаралт, улайлт зэрэг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох дүрэм журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Талийгаач О.Бын хүзүүнд үүссэн дээрхи гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн. Талийгаач О.Бын үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин байгаагүй. Талийгаач О.Бын үхлийн шалтгаан нь дүүжлэлтийн улмаас амьсгал зүрх-судасны хурц дутлаар нас барсан байна. Талийгаач О.Б нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь шүүх-химийн шинжилгээгээр батлагдсан. Талийгаач нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна. Шүүх-химийн №18 тоот шинжилгээг хавсаргав” гэх 17 дугаартай дүгнэлт гарсан байна.

Эрүүлжүүлэх байранд амиа хорлосон энэ хэрэгт цагдаа нарыг Эрүүгийн хуулийн 23.5.2. хайнга хандсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдаа  нар нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дахь хэсгийн хуульчилсан тайлбарт заасан төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалтан, хууль сахиулагч мөн боловч дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ш, Н.Х нарыг албан үүрэгтээ хайнга хандсан эс үйлдэхүйн улмаас Увс аймгийн Өндөрхангай сумын цагдаагийн хэсгийн байранд хохирогч О.Б өөрийгөө боомилсон байдалтай нас барсан, хохирогчийг амиа хорлох нөхцлийг бүрдүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хохирогчийг цагдаагийн хэсгийн байранд авчирч, гавлаж байлгасан шүүгдэгч нарын үйлдэл, хохирогч өөрийгөө боомилж нас барсан явдал хоёрын хооронд шууд шалтгаант холбоо байхгүй байна гэж үзсэн. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээр дуудагдаад байсан цагдаа нар болох Г.Ш, Н.Х нарыг цагаатгасан байна.  Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх мөн энэ шийдвэрийг нь хэвээр үлдээжээ.