“Үдийн цай” хөтөлбөр нүдээ олсон, сурапндын эрүүл мэнд, өсөлт хөгжилтөд онцгой нөлөөтэй шийдвэр болсон ч өнөөг хүртэл үүнийг дагасан хэл ам, гомдол тасарсангүй.

Судалгаанаас харахад, эцэг эхчүүдийн зүгээс үдийн цайнд өгч буй хоол ихэнхдээ хөрсөн, удаан хадгалсан, тос өөх ихтэй, будагч бодис, химийн нэгдэл ихээр агуулсан чихэр, боов, ундаа байдаг талаар гомдол мэдүүлдэг. Энэ нь зарим хүүхдэд харшил өгч, хордлогод оруулж байсан тохиолдол ч цөөнгүй бий. Хамгийн сүүлд нийслэлийн “Singapore school of Mongolia” сургуулийн олон багш, сурагч үдийн хоолондоо хордсон. Тэгвэл 2016 оны тавдугаар сард Чингэлтэй дүүргийн 61 дүгээр дунд сургуулийн бага ангийн сурагчид нарийн боов, нэрсний шүүс идэж, уугаад хордсон байдаг. Мөн “Үдийн цай”-тай холбоотой хамгийн харамсалтай хэрэг 2017 онд гарсан. Тодруулбал, Төв аймгийн Батсүмбэр суманд гурван сурагч хоолонд хордсоноос болж нэг нь хорвоог орхисон. Энэ мэтээр ерөнхий боловсролын сургууль зэрэг хүүхдийн байгууллагад хоолны хордлого, халдвар гарч байгаа нь хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд удаан хугацаагаар хадгалдаг, гал тогооны өрөөний урсгал дамжлага буруу, технологийн горим алдагдсан, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаггүй зэрэг эрүүл ахуй, халдвар хяналтын дэглэмийг зөрчсөнтэй холбоотойг мэргэжлийн байгууллагынхан анхааруулдаг.

Үүнээс гадна хүүхэд өдөрт авах амин дэмээ хоол хүнсээрээ дамжуулан авч чадахгүй байна гэсэн судалгаа бий. Тухайлбал, хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчлөл их байгаа нь дархлаа муугийн илрэл бөгөөд энэ нь хооллолттой шууд холбоотой. Өдрийн дийлэнх буюу 10-12 цагийг цэцэрлэгт, 6-8 цагийг сургууль дээрээ өнгөрүүлж буй хүүхдүүд чанартай, тэжээллэг хоол хүнс хэрэглэх ёстой. Одоогийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн нэг сурагч “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд өдөрт 600, цэцэрлэгийн насныхан 1650 төгрөгийн хоол иддэг. Харин 24 цагийн үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн хүүхэд 2400 төгрөгийн хоол идэх норм тогтоосныг хэвээр мөрдөж байгаа. Энэхүү “Үдийн цай” хөтөлбөрийг батлуулахаасаа өмнө мэргэжлийн хоолзүйч нараар хүүхдийн идэх ёстой нэг өдрийн шим тэжээлийн нормын дагуужишигхоолны цэс боловсруулан гаргуулсан байдаг. Гэвч ажил хэрэг болох шатандаа буруу тогтолцоо руу орсон гэж болно.

Өөрөөр хэлбэл, 600 төгрөгт ямар хоол идэж болохыг тооцоолж загвар гаргасан ч энэ нь бодит амьдралд амин дэмээр баялаг бус гэдэс дүүргэх, нүд хуурсан хоол болж хувирсан нь хоолзүйч нарыг алмайруулсан удаатай.

Тэд хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт хүндэрсэн гэдгийг анхааруулдаг ч ахиц дэвшил гарахгүй, харин ч дордох шинжтэй болоод байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хорт хавдар залуужиж буй нь идэж, ууж буй хоол хүнстэй холбоотой гэж тайлбарладаг. Энэ нь цаашид аюулын хэмжээнд хүрэхгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс шим тэжээлтэй хоол хүнсийг технологийн дагуу бэлтгэж өгөхөд анхаарах шаардлагатай болжээ.

 

СУРАГЧИД ЯАГААД СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ХООЛ ИДЭХ ЁСТОЙ ВЭ?

Хүнд эрүүл, шим тэжээлтэй хоол хүнс хамгийн чухал ч энэ нь бага болон өсвөр насныхны хувьд илүү онцгой ач холбогдолтой байдаг. Энэ хугацаанд хүүхдийн өсөлт амьдралын эхний жилүүдтэй адил маш идэвхтэй байдаг аж. Тодруулбал, яс, булчингийн масс бэхжиж, бүх систем, эрхтэн хөгжиж, бие махбод дааврын тохируулга эрчимтэй явагддаг байна. Тиймээс хүүхдүүд өдөрт хамгийн багадаа дөрвөөс доошгүй удаа хооллох ёстойг хоолзүйч зөвлөдөг. Иймд долоо хоногийн таван өдрийн дийлэнх цагийг өнгөрүүлж буй цэцэрлэг, сургууль дээрээ хамгийн сайн, тэжээллэг, чанартай хоол хүнс хэрэглэх ёстой юм. Ингэхдээ үдийн цай биш хоол идсэнээр хүүхдийн бие бялдрын болон оюуны чадамж сайжрахаас гадна багаар ажиллах чадвар, нийгэмч, нийтэч байдлыг төлөвшүүлэх, амьдрах ухаанд сургах зэрэг давуу талтай. Мөн ядуурлыг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд нөлөөтэй гэж үздэг. Гэтэл өнөөдрийн байдлаар хүүхдүүд ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хоол хүнсээр дамжуулан авах шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүй байгаа нь олон эрсдэлийг дагуулж байна.

Хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар тав хүртэлх насны хүүхдийн 90 хувь нь “Д”, 9.5 хувь нь “А” амин дэмийн дуталтай, 60.1 нь амин дэмийн нөөц бага гэж гарчээ. Түүнчлэн сүүлийн үед бага насны хүүхдүүд амархан ядарч сульдах, хараа муудах, ходоод өвдөх зэрэг эмгэг зонхилох болсон.

Энэ нь хүүхэд цэцэрлэг болон сургууль дээрээ идэж байгаа хоол хүнснээсээ өөрт хэрэгтэй амин дэм, эрдэс бодисоо авч чадахгүй байгаагийн илэрхийлэл гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна. Өсч яваа насандаа чанартай, тэжээллэг хоол хүнс идэж чадахгүй байгаа нь ирээдүйд эрүүл мэнддээ нөхөж баршгүй хохирол учруулж буйг хоолзүйч нар анхааруулж байна. Тиймээс ерөнхий боловсролын сурагчид сургууль дээрээ үдийн цай уух биш хоол идэх ёстойг эрдэмтэн, судлаачид тогтоож, олон улс орон хэрэгжүүлсээр байна.

 

ҮДИЙН ЦАЙГ ХООЛ БОЛГОХЫН УЧИР

Засгийн газрын 2006 оны тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, өнөөдрийг хүртэл I-\/ ангийн сурагчдад 600 төгрөгт багтаан үдийн цай өгч байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагчдын ирц сайжран, сурлагад ахиц гарч, хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдэд ажлын байр нэмэгдэн, эдийн засагт тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлж байна гэж дүгнэсэн. Гэсэн ч “Үдийн цай”-гаар олюж буй хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй, тэжээллэг бус, хүүхэд шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүй байгаад асуудлын учир бий. Тиймээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болган өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах, шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал хэвшүүлж энэхүү асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлага бий болсон. Тиймээс Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэхүү хуулийн зорилго нь ерөнхий боловсролын сургууль дээр хоол үйлдвэрлэж, үйлчлэх тогтолцоог бий бсшгох явдпаас гадна хамгийн гол нь халдварын бус өвчлөл эрс буурна гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Мөн хүүхдэд бага наснаас хоол, шим тэжээлийн боловсрол олгох нь эргээд нийгмийн эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлнэ гэж тооцжээ. Мэргэжлийн удирдлагаар хангах үүднээс хоолзүйч ажиллуулахаар хуулийн төсөлд тусгасанд олон хүн ам сайтай байна. Түүнчлэн сургууль бүр зориулалтын гал тогоо, хүчин чадлын дагуу тоног төхөөрөмжтэй байх ёстой. Хүчин чадлын дагуу гэдэг нь 300, 2000 сурагчтай сургуулийн гал тогооны зохион байгуулалт, талбайн хэмжээ, тоног төхөөрөмжийн хүчин чадал ялгаатай байх учиртай. Нийслэлийн хэмжээнд 141 сургууль байгаагаас 80 нь зориулалтын, 57 нь зориулалтын бус өрөөтэй. Долоон сургууль огт хоолны газаргүй. Одоогийн баталсан төсөв буюу 600 төгрөгийн тал нь тухайн үдийн цай үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн гал тогооны түрээс, урсгал зардалд зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс сургууль бүр дэргэдээ хоол бэлтгэх туслах аж ахуйтай болохын зэрэгцээ хүнсний аюулгүй байдлыг багш, сурагч, эцэг эхийн зөвлөл хянадаг байх талаар хуулийн төсөлд тусгасан. Үүний дараа тогоочийн ур чадварыг ярих ёстой. Учир нь, тогооч маш хариуцлагатай ажил бөгөөд үндсэндээ хүүхдийн эрүүл мэндийг хариуцагч гэсэн үг. Өнөөг хүртэл хоол үйлдвэрлэл, үйлчилгээ ямар ч мэргэжлийн удирдлага, стандартгүй явж ирсэн гэж хэлж болно.

 

ТЭЖЭЭЛЛЭГ ХООЛ ИДЭХГҮЙ БОЛ ЯМАР ЭРСДЭЛ ДАГУУЛАХ ВЭ?

Хүн амын хоол, шим тэжээлийн асуудлыг улс орнууд төрийн бодлогын хүрээнд маш нягт, өндөр түвшинд анхаарч, цогц, тасралтгүй, мэргэжлийн хэмжээнд хэрэгжүүлдэг. Хүн амын хоол хүнсний хэрэглээ нийгмийн эрүүл мэндийн гол тодорхойлогч учраас энэ асуудалд анхаараагүй улс орнуудын ирээдүйд хүлээх алдагдал өндөр байдаг аж. Өөрөөр хэлбэл, иргэн өвдвөл хөдөлмөрийн чадвартай хүний нөөц буурах, нийгмийн халамж, эрүүл мэндийн зардал нэмэгдэх ба тухайн улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд шууд сөргөөр нөлөөлдөг байна. Тийм учраас үүнд төр засаг нь бодлогоор анхаардаг аж. Учир нь, хүүхдийг ил ба далд өлсгөлөнд оруулах, шим тэжээллэг хоол идэх боломжоор хангахгүй, эрүүл мэндийг нь эрсдэлд оруулах нь хүүхдийн эсрэг үл хайхрах хүчирхийлэл гэж үэдэг. Олон улсад хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хэт халуун болон хүйтэн хоол өгөхийг хүртэл хамааруулдаг байна. Энэ утгаараа ерөнхий боловсролын сургуульд эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд хамгийн чухал нь хоол, шим тэжээлийн асуудал. Тийм ч учраас дэлхийн бараг бүх орон “School lunch program" буюу “Сургуулийн өдрийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд үүнийгээ нийгмийн халамжийн бодлого гэж үздэг. Дэлхийн 170 орчим орон “Сургуулийн үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд үүнийг өөрийн хууль эсвэл үндэсний хэмжээний стандартаар зохицуулдаг аж. Гэтэл манай оронд үүнийг зохицуулах хууль, түүнийг орлох хэмжээний стандарт үгүйлэгдэж байна. Зарим улс орон “School lunch” хөтөлбөрөөрөө ном бичиж, үзэсгэлэн гаргах тухай ярьж байхад манай улс одоо л энэ талаар хэлэлцэж сууна. Гэхдээ холбогдох хуулийг баталж, санхүүжилтийг нь төсөвт суулгачихвал асуудлыг бүрэн шийдвэрлэсэн гэж ойлгож болохгүй. Одоогийн төсөвлөсөн 600 төгрөг нэн бага мөнгө хэдий ч үүнийг 2000, 3000 болгож хэд дахин нэмэгдүүлсэн ч тогтолцоог нь бүрдүүлээгүй цагт үр дүнгээ өгөхгүй. Өөрөөр хэлбэл, энэ мөнгө шим тэжээлтэй хоол болж хүүхдийн ходоод руу бус хэн нэгний халаас руу орно гэсэн үг. Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хоол шим тэжээлийн интервенцүүд чухал үүрэгтэй бөгөөд үүнд оруулсан нэг ам.доллар ирээдүйд 16 дахин нэмэгдэж үр ашгаа өгнө гэж үздэгийг санахад илүүдэхгүй биз ээ.

 

C.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин