Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн эх барих бага эмч мансуурах төрлийн сэтгэцэд нөлөөлөх эм хууль бусаар хэрэглэсэн гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тодруулбал, тавдугаар сарын 6-ны өдрийн 11:10 цагт “Эрүүл мэндийн төвийн эх баригч эмч хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй” гэх мэдээллийг иргэнээс цагдаагийн байгууллагад өгчээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид Эрүүл мэндийн төвд шалгалт явуулахад тус сумын нутагт оршин суух хаягтай, Эрүүл мэндийн төвийн эх баригч, бага эмчээр ажилладаг эмэгтэй 52 настай Ө нь  мансууруулах төрлийн эм  хууль бусаар хэрэглэсэн байж болзошгүй байдал илэрчээ.

Эх баригч эмчээс сорил авч шинжилгээнд хамруулахад мансууруулах төрлийн сэтгэцэт нөлөөлөх эмийн жагсаалтанд орсон бодисыг хууль бусаар хэрэглэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод буй аж. Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн бөгөөд мансууруулах бодис хэрэглэсэн эх баригч эмчийг мансууруулах төрлийн бодис хууль бусаар олж авсан, хууль бусаар хэрэглэсэн, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт буруутган шалгаж байна.

Хэрэгт холбогдсон эмэгтэй нь хүнд өвчний улмаас өвдөлтөө намдаах зорилгоор сэтгэц нөлөөт эм хэрэглэсэн байж болзошгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.