Энэ сарын 2-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын VII хорооллын орон сууцны барилгаас бага насны хүүхэд унаж амь насаа алджээ.

Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор айл, өрхүүд тагт, цонхоо нээж хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаагүйн улмаас дөрвөн давхраас дөрвөн настай хүүхэд унаж харамсалтайгаар амь насаа алдсан байна. Мөн нэгдүгээр хорооллын орон сууцны гурван давхар барилгаас нэг хүүхэд унаж бэртсэн байна.

Өнгөрсөн 5-ны өдөр нэг болон гурван настай хоёр хүүхэд цонхныхоо тавцан дээр гарч зогссон байсныг хүмүүс дуудлага өгсөний дагуу ОБГ, Цагдаагийн газар шуурхай ажиллаж аварсан байна. Иймд эцэг, эхчүүд үр, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, галын аюулгүй байдлаа хангах, цонх, тагтандаа хаалт хийх, цахилгаан хэрэгслүүдээ шалгахыг ОБГ, Цагдаагийн газраас онцгой анхаарууллаа.