“Дуурсах он жилүүд” ТББ-аас Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойтой холбогдуулан "Ялалтын замнал-80" нэртэй тойрон аялал хийх гэж буйгаа дуулгалаа.

Уг  ТББ-ын тэргүүн Г.Нямдорж “Дуурсах он жилүүд ТББ нь өнгөрсөн он жилүүдээ байнга дурсаж байх он жилүүд юм. Дайн байлдаанд оролцож, баатарлаг гавьяа байгуулсан ахмадуудыг байнга дурсана. Энэ жил Халхын голын дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна. Тэр утгаараа бид олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал,

Нэгт. Халхын голын 80 жилийн ойд зориулж Халхын голын дайн гэж юу болсон тухай их, дээд сургуулийн оюутнуудад лекц уншина.

Хоёрт. Улаанбаатарт байгаа дайны холбогдолтой баатруудын хөшөө дурсгал, музейг нийслэлийн ЕБС-ийн сурагчдад үзүүлэхээр төлөвлөсөн.

Гуравт. Халх голын нутагт байгаа түүхэн дурсгалт газруудаар аялуулах маршрут гаргасан. Тойрон аялал нь "Ялалтын замнал 80" гэсэн нэртэй юм.

Ингэхдээ Мэнэнгийн тал, Буйр нуурыг үзэж сонирхохын зэрэгцээ Халхын голын дайны түүхийг аялагчдад танилцуулах бөгөөд таван өдөр дөрвөн шөнийн хугацаатайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн Халхын голын дайны тухай түүхийг олон түмэнд хүргэнэ гэв. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тулалдсан баатарлаг ахмад үеийнхээ гавьяагаар бахархах Монгол Оросын хамтарсан тойрон аялал нь энэ сарын 09-ний өдрөөс эхэлнэ. 

Тойрон аяллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8955-3886 , 8800-4565 утсаар авах боломжтой.