Улаанбаатарт олон хүнийг хамарсан хоёр ч удаагийн хордлого, халдварт өвчин дэгдлээ. Мэргэжлийн байгууллагууд тэр дор нь л буруутныг хайж олоод шийтгэсэн бол олон нийтээрээ үзэн ядаж “яллаж” орхив.

Эхнийх нь KFC түргэн хоолноос 50 гаруй хүн хордож эмнэлэгт хүргэгдсэн бол 15 дугаар сургуулийн 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан ноцтой асуудал шил даран гарлаа. Харьяа яам, хяналт шалгалт хийдэг байгууллагууд ч хэргийн мөрөөр шуурхай ажиллаж халдвар тараагчдыг илрүүлж асуудлыг нам дарж байх шиг байна.

Гэтэл хэдэн зуун хүний амь насыг дээсэн дөрөөн дээр аваачсан дээрх хоёр тохиолдол хоёулаа л  алгын чинээ бичгээс үүдэлтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр KFC түргэн хоолны салбарын 28 ажилтан эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй,  дутуу байхад нь баталгаажуулснаас нэг ажилтан нь цусан суулга өвчин үүсгэдэг нянгийн халдвартайгаа мэдэхгүй явж байгаад   үйлчлүүлэгчдэд тараасан байж. Харин хамгийн сүүлийн жишээ буюу нэг сургуулийн 500 сурагчид сүрьеэгийн халдвар тараасан гэх багш мөн л эрүүл мэндийн шинжилгээний бичлэгээ хуурамчаар үйлдсэн. Ингэхдээ өвчнөө нууж дүүгийнхээ нэр дээр эрүүл гэсэн бичиг хийлгэсэн нь ийнхүү түмний хүүхдийг эрсдэлд оруулсан нь ил болоод байна. Эндээс нэг л гаргалгааг харж болно.

Монголчуудын аливааг танил талаараа амар хялбар аргаар шийдэх гэсэн халтуурны сэтгэхүй. Ерөөс бүхий л салбар, шат дамжлага бүрт  арын хаалга амь бөхтэй. Ажилд орох, жолооны үнэмлэх авахдаа танил талаараа тамгатай бичиг хийлгэчихнэ. Бассейнд явахдаа хүртэл эрүүл гэсэн бичиг худалдаж аваад очдог нь олон хүнд халдварт өвчин тараах эрсдэл үүсгэдэг. Бүр гадаад руу ажиллахаар явахдаа хүртэл эрүүл мэндийн шинжилгээнээс гадна бүх төрлийн баримтыг хуурамчаар үйлдэг талаар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамнаас сэрэмжлүүлж байв.  Ганцхан сарын хугацаанд 400-500 хуурамч материал илэрсэнд гадаад улсын Элчин сайдын яам гайхшаа барж байсан.

 

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тоот тушаалаар худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам, дэвтрийн загварыг баталсан. Журамд зааснаар хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, ус түгээх, цэцэрлэг, сургууль, зуслан, хүүхдийн асрамж, үсчин, гоо сайхан, усан бассейн, зочид буудал, саун, эм үйлдвэрлэл, хангамж болон галт тэрэг, нисэх онгоцны үйлчлэгч зэргээр  ажиллаж байгаа болон шинээр ажилд орох иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд заасан хугацаанд орох ёстой аж.

Монголчуудын эрүүл мэндийн салбарыг хулхиддаг бас нэг ноцтойг баримтыг өнгөрсөн намар мэргэжлийн хяналтын байгууллага дэлгэж байв. Тодруулбал, байгууллагын хүний нөөцийн ажилтан нь үзлэг шинжилгээ хийлгэхгүйгээр эрүүл мэндийн дэвтрийг нь бөөнөөр нь барьж аваачаад бөглүүлж байжээ. Энэ талаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, цэцэрлэг, сургуульд ажиллагсдын “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр”-т үзлэг тулгалт хийхэд шинжилгээ хийх ёсгүй, зөвшөөрөлгүй, хаяг байршил тодорхойгүй байгууллага хийсэн, шаардлагагүй шинжилгээ хийсэн зөрчил илэрсэн. Эмч, эмнэлгийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн, зөвшөөрөгдсөн эмнэлгийн байгууллагууд үзлэг шинжилгээ хийхгүйгээр дэвтэрт шууд бичилт хийж өгсөн, аж ахуйн нэгж, байгууллагууд ажиллагсдынхаа дэвтрийг бөөгнүүлж, эмнэлэгт аваачиж бөглүүлдэг. Эмчийн үзлэгийн маягт, лабораторийн бүртгэл, лабораторийн ажлын бүртгэл зэргийг бүрэн хөтлөөгүй, өдөрт 300-400 хүнд шинжилгээ хийсэн байна” гэж мэдэгдэж байв.

Өөрөөр хэлбэл, монголчуудыг олноор нь аюулд оруулж нийтэд тархаад байгаа халдварт өвчин, хордлогын учир шалтгаан нь ердөө л эрүүл мэндээ хулхиддаг сэтгэлгээнээс л үүдэлтэй. Хэрэв KFC түргэн хоолны салбарын 28 ажилтан үнэнч шударгаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдаад шаардлагатай эмчилгээгээ хийлгэж сэргийлээд явсан бол тэр олон хүний амь аюулд орохгүй байсан. Хөдөөнөөс шилжиж ирсэн багш ажилд орохын тулд дүүгийнхээ нэрээр биш өөрөө шинжилгээгээ хийлгэж тэр дор нь эмчлүүлсэн бол өнөөдөр нэг сургуулийн 500 хүүхдэд халдвар тарааж нийтээр нь айдаст автуулахгүй байлаа.

Тиймээс иргэд нь эрүүл мэндийн бичгээ хуурамчаар үйлдүүлж өөрийгөө болоод өрөөлийг хуурдгаа больё. Эмч нар нь ч өргөсөн тангарагтаа үнэнч байж хүн ардынхаа эрүүл мэндийг хэдэн халтар төгрөгөөр арилжихаа больё.

Иргэд, эрүүл мэндийн салбарынхан аль аль нь хууль журмаа баримталдаг бол цаасан дээр хараар бичсэн хууль дүрэм бий. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тоот тушаалаар худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам, дэвтрийн загварыг баталсан. Журамд зааснаар хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, ус түгээх, цэцэрлэг, сургууль, зуслан, хүүхдийн асрамж, үсчин, гоо сайхан, усан бассейн, зочид буудал, саун, эм үйлдвэрлэл, хангамж болон галт тэрэг, нисэх онгоцны үйлчлэгч зэргээр  ажиллаж байгаа болон шинээр ажилд орох иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд заасан хугацаанд орох ёстой аж.

Мөн үзлэг, шинжилгээг нийслэл хотод зөвхөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, орон нутагт Нэгдсэн эмнэлэг хийх бөгөөд үзлэг, шинжилгээний хариу эерэг гарсан ажилтнуудыг эмчилж, эрүүлжүүлэх ёстой байдаг.

Тиймээс та эрүүл мэндийн бичгээ хуурамчаар хийлгэж авах гэж байгаа бол эхлээд өөрийгөө хуурч өвчнөө улам хүндрүүлэх эрсдэлтэй. Таны энэ болчимгүй үйлдэл сэтгэлгээний уршгаар эргэн тойрны тань олон зуун хүн аюулд өртөж болохыг бодох болжээ.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин