"Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 оны "ТОП-100" аж ахуйн нэгжийн хоёрдугаарт дахин эрэмбэлэгдэж, өргөмжлөлийг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Төрийн ордноо гардан авлаа. 

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй уг шалгаруулалт нь Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн ААН-үүдийн жилийн орлого, ашиг, улсын төсөвт оруулсан татвар, ажиллагсдын тоо, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтээр компаниудыг эрэмбэлэдэг юм. 

Энэ удаагийн шилдэг аж ахуйн нэгжийг "Эрдэнэт Үйлдвэр” ХХК тэргүүлж, "Эрдэнэс-Тавантолгой” ХК, "Оюутолгой” ХХК, ХААН банк, "Энержи ресурс” ХХК, Монголын алт ХХК, НИК ХХК, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, УБТЗ ХНН гэсэн компаниуд эхний аравт жагслаа. 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-нь дээрх таван үзүүлэлтээс ашиг, хөрөнгийн хэмжээгээр аж ахуйн нэгжүүдийг тэргүүлсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө "Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг менежмент”-тэй компаниар шалгарсан юм. 

Өнгөрсөн онд "Эрдэнэс-Тавантолгой” ХК 1.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбумын ашигтай ажилласан.