УИХ-ын дэд дарга асан, АН-ын дэд дарга Г.Батхүү өчигдөр орой Төрийн Ордонд амь насаа алдсан билээ. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намаас мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ардчилсан Намын Дэд дарга Гаваагийн Батхүү нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан цочирдом үйл явдал боллоо. 

Тэрээр тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15.00-18.00 цагийн хооронд оролцсон юм. 

 

Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Төр нийгмийн зүтгэлтэн агсан учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар холбогдох хууль хяналтын байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөлгүй, хэвлэлд хаалттай байна. 

Түүний хувьд хууч өвчин байхгүй, хамгийн сүүлд 2019 оны дөрөвдүгээр сард бүх төрлийн шинжилгээ оношлогоонд хамрагдаж, эрүүл мэндийн хувьд ямар нэг өвчингүй гэдэг нь нотлогдсон байсан юм. 

Ардчилсан Намын Дэд дарга ажил үүргээ гүйцэтгэж явахдаа төрийн ордонд сэжигтэй байдлаар амь насаа алдсан шалтгааныг үнэн зөвөөр, нэн яаралтай тогтоож, учир шалтгааныг ард түмэнд нээлттэй мэдээлэхийг шаардаж байна.