“Бие даан нэр дэвшигчдийн холбоо” нэрийн дор Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд нэгдэж УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодруулах Электорат хөдөлгөөнийг байгуулсан билээ.

Хөдөлгөөн байгуулагдсаныг 3 сарын 28-нд албан ёсоор зарлаж, хамтын тунхаг бичигт гарын үсэг зурсан юм.

 

Уг тунхагт: "Электорат" хөдөлгөөнийг санаачлагчид бид Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлсийг эрхэмлэн, ёс зүйтэй шударга парламентыг ард түмэнтэйгээ хамтран байгуулах зорилгоор дараах зарчмыг тунхаглаж байна.

Үүнд: 1-т  Бид олны итгэл хүлээж чадах, зөв ёс суртахуунтай хөдөлгөөн, нэр дэвшигчийг тодруулахын төлөө эв нэгдэн ажиллана,

2-т  Бид өөрсдийн нэрийг сонгуульд дэвшүүлэхгүй,

3-т Бидний хөдөлгөөн зөвхөн нэр дэвшигчийг тодруулах дэмжих зорилготой тул сонгуулийн маргаашнаас үйл ажиллагаагаа зогсооно,

4-т Бид санал болгосон, дэмжиж байгаа дэвшигчид, сонгогчдын өмнө ёс суртахууны болон цаашдын үйл ажиллагааны үзэл санаатай холбоотой гэрээ байгуулна,

5-т Бид сонгуульд хэн нэгний эсрэг сөрөг сурталчилгаа хийхгүй,

6-т Бид нэг тойрогт зөвхөн нэг нэр дэвшигчийг дэмжинэ" гэсэн байв.

Өчигдөр буюу 5 сарын 23-нд уг хөдөлгөөний 2-р чуулга уулзалт болж, нийгэм, улс төрийн нөхцөл байдалд хийсэн судалгааны дүнтэй танилцсан юм.

Уг хөдөлгөөний улс төрийн үр дагавар нь ямар байх нь одоогоор тодорхойгүй бөгөөд харин  нийтлэлч Баабар энэ тухай : "Манайд хийж байгаа анхны туршилт маягийн зүйл учраас бие даагчид нийлээд засгийн эрх авчихаар тийм хэмжээнд хүрнэ гэж бодохгүй байна. Нарийн яривал би мэдэхгүй байна. Юутай ч электоратынхан дараагийн жидүүчин дэвшүүлэхгүй байх нь чухал баталгаа болно. Дажгүй хяналт болж чадна гэж бодож байна.

2012 онд пропорциональ сонгууль явуулахад Энхбаярын нам арван суудал авсан. Энхбаяргүйгээр юу ч шийдэж чадахгүй том хяналт болж байсан, тийм үү? Нэлээд том хяналттай төр болсон гэсэн үг. Электоратаар дэмжүүлж гарч ирэгсэд нь хангалттай хяналт тавих бүрэлдэхүүн болох болов уу гэж найдаж байна."

гэсэн байх юм. Өөрөөр хэлбэл УИХ-д бүлэг байгуулах хэмжээний төлөөлөлтэй болно гэсэн хүлээлттэй байгаа аж.

 

Юутай ч Монголын улс төрийн орчинд нэгэн шинэ содон хөдөлгөөн бодитоор буй болж, үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тэдэнд итгэж болох эсэх, тэд ямар амжилтанд хүрэх эсэхийг цаг хугацаа харуулна биз ээ.

Уг хөдөлгөөний анхлан санаачлагчид нь нийтлэлч Баабар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ерөнхий Сайд асан Д.Содном, Сангийн Сайд асан Э.Бямбажав, иргэн Д.Ламжав, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Гадаад Харилцааны Сайд асан Ц.Гомбосүрэн нарын есөн хүн ажээ.