Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж байгаа Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг барьж дууссан талаар УБТЗ нийгэмлэгээс мэдээллээ.

Тодруулбал, УБТЗ-ын зам засварын машинт станц, замын 4-р ангийн төмөр замчид, үндэсний компаниудтай хамтарч энэхүү замыг жил хүрэхгүй хугацаанд барьж дуусгааад байна.

Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт болох нефть боловсруулах үйлдвэрийн төмөр зам нь 27 км юм. Уг замыг “Улаанбаатар төмөр зам” ХНН тавьж, “Тайван хайрхан”, “Билэгт зам”, “Хурдны зам”, “Торгон харгуй” гэсэн үндэсний дөрвөн компани газар шороо, далан барих дээр туслан гүйцэтгэгчээр ажиллажээ. Р-65 маркийн зам төмөр замын бэхэлгээ, төмөр бетон дэрийг европ стандартаар суулган барьсан шинэ төмөр зам нь хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг дамжин өнгөрөх хүчин чадалтай юм.

 

Энэхүү зам нь манай улсын шатахууны хэрэгцээг хангах чухал үүрэгтэй төмөр зам болоод зогсохгүй зүүн тийшээ үргэлжлүүлэн, хэвтээ тэнхлэгт барих төмөр замын эхлэл болж байгаагаар давхар ач холбогдолтой юм гэж УБТЗ-ын төслийн ажлын хэсгийн дарга З.Отгонтөр хэлж байна. “Энэ замыг монголчууд өөрсдөө ийнхүү барьж дуусгасан нь дараа дараагийн шинэ төмөр замын төслүүд дээр монгол инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг ажиллуулах ихээхэн нөөц байгааг харуулжээ. Одоо эрчим хүч, дохиолол холбоо, өртөөний барилгыг төмөр замчдын баярын өмнө дуусгахаар шамдаж байна. УБТЗ-ын хамт олон Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэсэн нь удахгүй тэмдэглэх түүхт 70 жилийн ойдоо барьсан том бэлэг болж буйг онцолж байна.