Баянгол сумын нутаг, “Пентатерра” ХХК-ийн уурхайд осол гарч хүний амь эрсэдсэн байна. Энэ сарын 23-ны 23:10 цагийн орчимд Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн HOWO371 автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолджээ. Одоогоор осолдсон ажилтны цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

 

Осол гарсан мэдээллийн дагуу МХЕГ-ын даргын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгээр ахлуулсан улсын байцаагчдыг томилон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Мөн газар дээр нь мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, нөхцөл байдлыг давхар хянан дэмжлэг үзүүлэхээр МХЕГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн газрын дарга Н.Батбаяр хэвлэлийн төлөөлөгчийн хамт ажиллаж байгааг тус газраас мэдээлжээ.

 

“Пентатерра” ХХК нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй, сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлсэн байна.

 

Осол болсон ил уурхайн 21587 м2 талбайд дунджаар 6 метр гүнтэй ус тогтсон бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн усны түвшинг багасгах шаардлагатай гэж үзсэний дагуу ус шавхан зайлуулах насосуудыг татан авчирч ажиллуулж байна. Одоогоор эрлийн ажил үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд тус уурхайн үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоогоод байгаа юм.