Энэ сарын дундуур Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба болон Гаалийн газрынхан цемент гэж мэдүүлсэн 51.8 тн ачаанаас 10.7 тн полиэтилен гликолийн лав гэх бодисыг илрүүлж, “Сезон” ХХК-ийн химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг таслан зогсоожээ.

Мөн өнгөрсөн сард тус боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан ХОҮ 2089 дугаартай зорчигч тээврийн хэрэгслээр 2 тн натрийн гидроксид гэх химийн аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн зөрчлийн хэрэг нээн харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Натрийн шүлт, идэмхий натр гэж нэрлэгддэг натрийн гидроксид нь идэмхий шинж чанартай ба түлэх улмаар арьс махыг үхжүүлэх аюултай гэнэ.