Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбай дээр  энэ сарын 27-ны өдрийн 13.40 цагийн үед жагсагчид танхайрч машинаараа хүн дайрахыг завдсан билээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Португаль Улс, Испанийн Хаант Улс, Швейцарийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хорват Улсаас хавсран суух Элчин Сайд нар “Итгэмжлэх жуух бичиг” гардуулах ёслол явагдах үеийн хэв журмын хамгаалалт авсан байх үед Баянзүрх дүүргийн дугаар хороонд оршин суугч Б.Цэгмэд нь Төрийн ордны зүүн урд хэсгээр 95-44 ӨВА улсын дугаартай жижиг оврын “Nissan” маркийн ачааны тээврийн хэрэгслийг ашиглан Сүхбаатарын талбайн гол /Төрийн тусгай хамгаалалтын бүс/-д дайран орсныг Төрийн тусгай хамгаалалтын газар болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид таслан зогсоосон байна.

Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 /Танхайрах/, 5.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулах/-ийг тус тус зөрсөн байх тул цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж шүүхэд шилжүүлсэн өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019/ЗШ/432 дугаартай шийтгэврээр холбогдогч Б.Цэгмэдэд зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.