Хамтлагийнхаа 25 жил ойг тохиолдуулан Харангийн Лхагваа өчигдөр “Монгол ээж” хэмээх бие даасан тоглолтоо Монголын үндэсний циркийн тайзнаа толилууллаа. Өнөөдөр дахин тоглогдох тус тоглолтонд “Харанга” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож үзэгчдэд сюрприз барьсан бөгөөд МУГЖ Т.Ариунаа болон МУСТА Х.Оюунбилэг нар урилгаар оролцож ээжүүд эмэгтэйчүүдийг магтан дууллаа. Ийнхүү “Монгол ээж” тоглолтонд Харангийн Лхагваагийн шинэ шинэ цомогт орсон гайхалтай дуунууд болоод хит болсон тэр л сайхан уран бүтээлүүд эгшиглэсэн юм. Энэ дашрамд дуулгахад СТА Х.Лхагвасүрэнд энэ тоглолтон дээр нь Монгол Улсын Гавъяат Жүжигчин цол хүртээнэ гэх мэдээлэл цацагдаж түүний үнэнч фенүүдийг баярлуулж байсан хэдий ч өчигдөрийн тоглолтон дээр олгосонгүй. Үзэгчид ч битүүхэндээ хүлээлттэй байсан ч ийнхүү урамгүйхэн буцахдаа түүнийг "Ард түмний гавъяатдаа" хэмээн алдаршуулан магтацгааж байлаа. Гэхдээ өнөөдөр дахин тоглох болохоор түүний фенүүд дахин хүлээж суухаас даа.

   Үзэгчдийн хязгааргүй үргэлжлэх алга ташилтын дор дуулж хуурдан үргэлжилсэн тус тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Брос рекордс”, “Music&Love”, “Jojo’s toys”, зохион байгуулагчаар “Desoft media”, “New star”студи, Монголын үндэсний цирк, www.easyticket.mn ажилласан бол тоглолтын продюсераар МУСТА М. Болд, найруулагчаар МУСТА Д. Лхагвадорж нар ажиллажээ.

Тэрээр хөгжимчдийн бүрэлдэхүүн Монголын шилдэг уран бүтээлчдээс бүрдсэн байсан бөгөөд Никитон хамтлагийн гитарчин МУСТА Д. Өлзий-Орших, Соёл-Эрдэнэ хамтлагийн бөмбөрчин МУСТА  Б. Цолмон, New star студи даралтат хөгжимчин МУСТА С.Гантөр,  Bro’s records хөгжмийн зохиолч, даралтат хөгжимчин МУСТА Г.Онон, Никитон хамтлагийн басс гитарчин МУСТА  Г.Буян-Өлзий нар оролцсон юм.

  Ийнхүү өнөөдөр сүүлчийн өдрөө тоглогдох тус тоглолтын тасалбар 40 мянган төгрөгний үнэтэй бөгөөд www.easyticket.mn сайтаар болон 1199 дугаарт холбогдож үнэгүй хүргэлтийн үйлчилгээг авах боломжтой юм.




Таныг урлагийн тэнгэр ивээг...